Терроризмыг дарах дэлхийн....р дайн

Монголын мэдээ | Тойм
adiyakhuu@montsame.mn
2016-01-08 17:50:44

“21 дүгээр зууны тахал” гэж нэрлэгдээд байгаа терроризм гэгч аюулт үзэгдэлтэй дэлхий нийтээрээ сүүлийн 30 гаруй жилийн турш тэмцсээр ирлээ. Гэтэл “терроризм” гэдэг нь чухам ямар утгатай болохыг яг цав тодорхойлж чадах нэгдсэн ойлголт өнөөг хүртэл бүрэн төлөвшин тогтоогүй байна.

Угтаа бол терроризм гэдэг нь латин хэлний “"terror" буюу аймшиг, айдас гэсэн үгнээс гаралтай бол терроризм гэгч нийгмийн үзэгдлийн талаарх 200 гаруй тодорхойлолт байдаг аж.

Терроризм гэдэг үг аль эрт Францын хувьсгалын үед анх гарч ирсэн гэж үздэг ба тухайн цаг үед хувьсгалт засгийнхан өөрсдийн ангийн дайснуудыг айлган сүрдүүлэх бодлого явуулж байсныг дээрх үгээр тодорхойлж байжээ.

Ингээд зарим тодорхойлолтуудыг авч үзье.

Терроризм- энэ бол улстөрийн зорилгодоо хүрэхийн тулд үйлдэж буй хүчирхийллийн хэлбэр.

Терроризм–энэ бол тодорхой улстөрийн зорилгод хүрэхийн тулд гэмгүй хүмүүсийг зориуд зохион байгуулалтайгаар алж хөнөөх үйл ажиллагаа юм.

Терроризм гэдэг бол улстөр, үзэл суртал, нийгмийн хувьсгалын зорилтоо гүйцэлдүүлэх үүднээс  нэг болон олон удаа хүчирхийлэл үйлдэх замаар засгийн газрууд, хүн амын давхаргууд, бүхэл бүтэн ард түмнүүдийг байнга айлган сүрдүүлэх үйлдэл гэж Швейцарийн эрдэмтэн Г.Дэнике тодорхойлжээ.

Харин 2001 оны 9 дүгээр сарын 11-нд Нью-Йоркт болсон халдлагаас хойш “терроризмын эсрэг дайн” гэх нэгэн шинэ хэллэг улстөрчдийн амнаас олонтоо гарах болсон байна.

Гэхдээ ийм  үг хэллэг барууны хэвлэлүүдийн хуудаснаа бүр 19 дүгээр зууны сүүлчээс эхлэн үзэгдэх болсныг дурдах нь зүйтэй. Тухайн үедээ энэ нь Европын орнуудын удирдагчид, Оросын Цагаан хаан зэрэг хүмүүс анархистуудын довтолгоог няцаах зорилгоор явуулж байсан цэрэг, цагдаагийн ажиллагааг илэрхийлсэн утгатай байв. Тухайн үед анархистууд эдгээр төрийн тэргүүн нарын эсрэг элдэв хорлон сүйтгэх, алан хядах ажиллагааг байнга үйлдэх болжээ. Тэд өөрсдийгөө “террористууд” гэж нэрлэдэг байсан нь өнөөгийнхтэй адил “харгис зандалчин хүмүүс” гэх утга агуулдаггүй байв.

Нэлээд хожуу буюу 1940-өөд оны үед Палестин дахь еврейчүүдийн террорист байгууллагуудын эсрэг Британийн колоничлогчдын явуулж байсан үйл ажиллагааг “терроризмын эсрэг дайн” гэж нэрлэх болжээ. 

Дашрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч асан Р.Рейган уг хэллэгийг үг хэлэхдээ байнга ашигладаг байсан гэдэг.

9 дүгээр сарын 11-ний үйл явдлын дараахан америкчууд алан хядагчдын үүр уурхай болсон Афганистанд цэргээ оруулж богино хугацаанд амжилт олов. Алан хядагчдын орогнох орон зай нь улам бүр хумигдсаар гарах гарцгүй болж, буланд шахагдлаа. Бин Ладеныг устгав. Ерөнхийлөгч асан Ж.Бушийн олон улсын терроризмыг дарах зорилгоор Ирак, Афганистанд явуулсан цэргийн ажиллагааг санхүүжүүлэхэд Америкийн татвар төлөгчдийн халааснаас 4,4 их наяд доллар гарсан гэдэг.

Терроризмын үзэгдэл түүхийн тавцнаас эгнэгт арчигдан алга болох нь уу гэсэн найдвар олон нийтэд төрж байлаа.  

Гэтэл Америкийн цэрэг Афганистан болон Иракаас гарч явсны дараа террористууд урьдахаас хамаагүй илүү хүчирхэгжин, тусдаа улс байгуулах хэмжээнд хүртлээ томорчээ. Global Terrorism Index нэртэй судалгааны дүнгээр 2014 онд алан хядах ажиллагааны уршгаар амь үрэгдсэн хүний тоо 18 мянгад хүрсэн байна. 2001 оноос хойшхи 13 жилийн хугацаанд терроризмын золиос болсон хүмүүсийн тоо 5 дахин нэмэгджээ. 2014 оныг 2012 онтой харьцуулахад террорист ажиллагаа үйлдэгдсэн тоо 60 хувиар өссөн байна.

Хамгийн ихээр алан хядах ажиллагаа явуулдаг дөрвөн бүлэглэлд Ирак болон Сирид байрлалтай “Лалын улс” бүлэглэл, Нигерийн Боко Харам, Афганистаны Талибан болон олон оронд үйл ажиллагаа явуулдаг Аль-Кайда орж байна.

АНУ-ын тагнуулын байгууллагуудын мэдээгээр, дэлхийн 60 гаруй оронд террорист бүлгүүд ажилладаг бол тус улсын Төрийн Департаментаас гаргадаг хар жагсаалтад 33 террорист байгууллага орсон байдаг. Алан хядагчдын хамгийн том бүлэглэлүүд Ойрхи Дорнод, Афганистан, Пакистанд байдаг ажээ.                                

Статистик мэдээллээр, дэлхий дээр хоёр хоног тутамд нэг удаа террорист халдлага болж байна. Халдлагууд өмнөхөөсөө улам илүү харгис хэрцгий болж байгаагийн зэрэгцээ террористууд маш нарийн зохион байгуулалтанд орж, сайтар бэлтгэл хийснийхээ дараа халдлага үйлддэг болжээ.

Саяхны жишээг дурдваас; Холбоотнуудын зүгээс хүчтэй цохилт амссан Сири дэх “Лалын улс”-ынхан тун хүнд байдалд орж, дайны фронт, галын шугамыг Европ тив рүү шилжүүлж байна гэдэг нь Парист болсон халдлагаас илт харагдаж байна. Гэтэл буурал тивд дайн хэдийнэ эхэлчихсэн гэдэгт ихэнх хүмүүс итгэхгүй, оюун санааны хувьд нь огт хүлээж авахгүй байх шиг байна. Ливид болсон хэрэг явдлын гол хариуцлагыг Франц үүрэх ёстой гэж үзсэн террористууд францчуудаас өшөөгөө авсан гэдгээ ил тод зарлалаа. Синайн хойг дээгүүр нисч явсан Оросын онгоцыг дэлбэлэн Сирид цэргийн ажиллагаа явуулж буй оросуудаас өшөөгөө авсан гэдгээ шууд мэдэгдэв.  

Алан хядагчдын “Лалын улс” бүлэглэл Сири, Иракийн нутгийн ихээхэн хэсэгт хяналтаа тогтоож, барьцаанд байсан гадаадын олон иргэдийг цаазалснаараа дэлхий нийтийн заналт дайсан болж хувирлаа. Уг бүлэглэлийг устгахын тулд АНУ, Их Британи, Герман, Франц тэргүүтэй 40 гаруй улс орны эвсэл байгуулагдсанаас хойшхи 2 жилийн хугацаанд 7000 гаруй удаа байлдааны нислэг хийжээ. 12 дугаар сарын 11-ний байдлаар Оросын агаарын цэргийн хүчин нийтдээ 4000 гаруй удаагийн байлдааны нислэг үйлдэх явцдаа “Лалын улс”-ын цэргийн зориулалттай 6000 гаруй байгууламжийг бөмбөгдөн устгасан байна.

Эвслийнхэн болон оросууд нийлээд 11 мянга гаруй удаа агаарын цохилт өгчихөөд байхад “Лалын улс” гэгч бүтэц амь бөхтэй хэвээр байгаа нь гайхал төрүүлнэ. Ийм өргөн хэмжээний агаарын цохилтод хэр баргийн улс орон тэсч тогтож чадахааргүй билээ.

Үнэн хэрэг дээрээ бол, америкчууд терроризмын эсрэг дайныг үүсгээд 10 гаруй жил болж байгаа боловч олон улсын терроризмын эсрэг  тэмцэлд  бодитой эргэлт гэхээр зүйл гарсангүй. Энэ бол зөвхөн зэр зэвсгийн хүчээр  терроризмыг үндсээр нь устгах боломжгүй гэдгийг харуулж байна.                                                    

Терроризмтой хийж буй тэмцлийн хэлбэрийг үндсэнд нь 1. Хүч хэрэглэх болон Хууль эрхзүйн хүрээний 2. Гадаад болон дотоод гэж хуваадаг. 

Ихэнх орнууд сүүлийн 30 жилийн хугацаанд хүч хэрэглэх байдлаар терроризмтой тэмцэж байгаа боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна.

Зөвхөн хууль эрхзүйн арга хэрэгслээр энэ асуудлыг шийднэ гэвэл ойрын ирээдүйд бүтэхгүй шинжтэй. Энэ хүрээнд хийсэн анхны оролдлого бол 1937 онд Үндэстнүүдийн Лигээс “Терроризмыг таслан зогсоох болон террорист ажиллагаанд шийтгэл ногдуулах” тухай Конвенци юм.

Харин орчин үеийн түүхэнд буюу 1985 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Олон улсын терроризм”-ын тухай тогтоол гаргаж, терроризмын ажиллагаанд оролцохгүй, ийм ажиллагаанд туслахгүй байхыг уриалжээ. 

Терроризм үүсэх үндсэн шалтгаануудыг улстөрийн, нийгэм-эдийн засгийн, эдийн засгийн, шашны, оюун санааны гэж 5 ангилдаг байна.  Шалтгаануудын эх сурвалжийг хөөн дурдваас, улстөрийн тогтворгүй байдал гэдэг бол терроризм үүсэх үндсэн шалтгаан болж байна.

Терроризм газар авах нийгэм-эдийн засгийн шалтгаан бол тухайн улс орны ард иргэдийн амьдрал ахуй доройтсонтой шууд холбоотой. Өөрийн гэсэн өмчлөх зүйлгүй болсон хүнд террорист халдлага хийх сэдэл амархан төрдөг бөгөөд эл үйлдлийг ямар ч эргэлзээгүйгээр хийдэг байна.  Халдлага хийхээр шийдсэн хүний хувьд “хэрвээ би үхвэл миний гэр бүлийнхний төлөө бусад хүмүүс санаа тавих нь гарцаагүй” гэсэн итгэл үнэмшилтэй болчихсон байдаг.                                                                    

Терроризм бий болох эдийн засгийн үндэс гэдгийн тухайд: Алан хядах террорист ажиллагаа нь түүнийг зохион байгуулж хүмүүст асар ашиг авчирдагтай холбоотой. Тэдний олдог мөнгөний хэмжээ нь газрын тосны наймааны орлоготой дүйцэхүйц бөгөөд дээр нь зэвсэг, хар тамхи нууцаар наймаалах, барьцааны хүмүүсийг мөнгөөр солих зэрэг өөр бусад олон эх сурвалжууд бий.                                                               

Шашны сөргөлдөөний сэдэлтэй терроризм. Дэлхий дээр хүчирхийллийг сурталчилсан шашны урсгалууд хангалттай олон бий. Тухайлбал, Саудын Аравид 18 дугаар зууны үед хүчээ авч эхэлсэн ваххабизм гэдэг исламын шашны урсгал гэх мэт.

Оюун санааны үндэс шалтгаан нь орчин үеийн нийгэмд дэгдсээр буй хямрал, хууль эрхзүй, хүн төрөлхтний нийтлэг үнэ цэнэт зүйлсийг гажуудуулж буй явдал болно. Оюуны хүчийг бус харин хар бярыг дээдлэх үзэл санааг хүүхэд багачуудын оюун санаанд суулгасан нь терроризм улам хүчээ авах нэгэн шалтгаан болжээ.                                               

“Террористууд яагаад ингэтлээ харгис хэрцгий үйлдэл хийдэг байдаг юм бэ?” гэсэн асуулт гарч ирэх нь зайлшгүй. 1900-аад оны эхэн үед Иван Каляев гэгч этгээд гэрт нь бөмбөг дэлбэлэх замаар Оросын Цагаан хааныг хөнөөх ёстой байсан хэдий энэ үүргээ гүйцэтгээгүй байна. Иймээс анархист бүлгийнхэн цуглараад бөмбөг тэслээгүйн шалтгааныг түүнээс асуун байцаахад Каляев “тэнд хүүхдүүд байсан учраас яаж ч чадаагүй” хариулсан гэдэг. Үүнийг террористууд “аргагүй шалтгаан мөн байна” гэж үзээд Каляевт зэм шийтгэл ногдуулаагүй өнгөрчээ.

Гэтэл орчин цагийн террористуудын хувьд хүүхэд хөгшид, энгийн номхон иргэдийг аль болох олноор нь барьцаанд авч, аль болох олноор нь хөнөөж л байвал улстөрийн зорилго нь тэр хэрээр хялбархан биелдэг болсон байна. Үүгээрээ өнөө цагийн террористууд нь 1900-аад оны үеийн зорилго нэгтнүүдээсээ эрс ялгардаг.

Урьд өмнө нь хувь хүн болон хэсэг бүлэг хүмүүс хязгаарлагдмал орон зайд террорист ажиллагаа үйлддэг байсан бол өдгөө “терроризмын даяаршил” гэж хэлж болохоор үзэгдэл газар авчээ. Террорист бүлгүүдэд янз бүрийн үндэстэн ястны, янз бүрийн улс орны хүмүүс нэгдэж, тухайн оронд төдийгүй хилийн чанадад тив алгасан алан хядах ажиллагаа үйлддэг болсон байна.                                                                                                               

Америкийн нэрт улстөр судлаач З.Бжезинский терроризмын тухайд “энэ бол улстөрийн айлган сүрдүүлэлт хийхийн тулд энгийн ард иргэдийг алан хядаж буй уучилж болшгүй арга хэрэгсэл. Терроризм нь соёлт ертөнцөд аюул занал учруулж байна. Гэхдээ эл үзэгдэл нь дэлхий ертөнцийн янз бүрийн хэсэгт өөр өөр шалтгаанаар бий болдог. Лондонд болсон халдлага бол АНУ болон Их Британийн зүгээс явуулсан бодлогын нөлөөгөөр Ойрхи Дорнодод бий болсон дайсагнал хонзогнолтой илт холбоотой” гэж ярьж байв. Чеченийн асуудлыг олон улсын террористууд Орост халдах гэсэн оролдлоготой холбон үзэж болох эсэх тухайд тэрбээр хариулахдаа “Энэ асуудал бол Оросын цэвэр дотоод асуудал. Оросын нэг хэсэг байхаас үргэлж татгалзсаар ирсэн чеченчүүдийг Кремлийн ордныхон 200 жилийн туршид эрхэндээ оруулах гэж оролдсоор ирсэн” гэдгийг дурдсан байна. Чеченчүүд Оросоос салмагц оросууд Грозный хотыг бөмбөгдөж үнсэн товрог болгосон төдийгүй Масхадов зэрэг аядуу үзэлтнүүд гал зогсоохоор оролдмогц түүнийг хөнөөсөн. Үүний улмаас террористууд Чеченийн тэмцэлд голлох үүрэгтэй оролцох болсноор терроризмын үзэгдэл Кавказ, түүний дотор Дагестанд хүчээ аван тархаж эхэлсэн хэмээн Бжезинский дүгнэж байна. Дашрамд дурдахад, тэрбээр Оросын эсрэг байр суурь баримталдаг гэдгээрээ нэлээд зард гарсан хүн юм.  

Пуэрто-Рикогийн тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд зарим хүмүүс Ерөнхийлөгч Трумэны амь насанд халдах оролдлого хийж байсан удаа бий. Үүний дараа АНУ-ын эрх баригчид Пуэрто-Рикод ардчилсан чөлөөт бүх нийтийн санал асуулга явуулсан болохыг Бжезинский сануулан дурдаж байна.  

Түүний үзэж байгаагаар, ер нь бол исламын шашны эсрэг соёл иргэншил хоорондын мөргөлдөөн дэгдэх магадлал нэгэнт бий учраас лалын аядуу үзэлт удирдагчидтай хамтран ажиллах хэрэгтэй, тэднийг өөрсдөөсөө холдуулан түлхэх хэрэггүй юм.

Өөр нэгэн нэртэй геополитикч болох С.Хантингтон дүгнэхдээ “9 дүгээр сарын 11-ний террорист халдлага болон түүний хариу болгож америкчуудын хийсэн дайн нь иргэншил хоорондын мөргөлдөөн мөн” гэсэн нь шуугиан дэгдээсэн юм.           

Ер нь бол, 1994 оноос хойш энэ асуудлаар Хантингтон болон глобалистуудын хооронд маргаан зөрчилдөөн дэгдээд байгаа билээ. Хантингтон дээрх дүгнэлтийг хийхдээ Тоинби-гийн бичсэн “Иргэншил хоорондын мөргөлдөөн” гэдэг нийтлэлийг ашигласан байна. Тоинби-гийн хувьд “Иргэншлүүд байнга сөргөлдөж байдаг” гэсэн гаргалгаа хийжээ. Эл дүгнэлтэд үндэслэн Хантингтон “ийм сөргөлдөөн нь Хүйтэн дайны дараах үеийн олон улсын харилцааны тодорхойлогч хүчин зүйл болох магадлалтай” хэмээн улам лавшруулан дөгөөж өгөв.                            

Гэтэл ихэнх судлаачид Хантингтонтой санал нийлдэггүй аж. Үзэл бодол юун дээр зөрчилдөж байна вэ гэхээр “Нью-Йорк дахь Олон улсын худалдааны төвийг нисэх онгоцоор мөргөж нураах үед халдлагын золиос болсон хүмүүсийн дотор лалын шашинтнууд олон байсан, лалын шашинт хэд хэдэн орон терроризмын эсрэг эвсэлд нэгдсэн, лалын хэт давруу үзэлтнүүдийн террорист ажиллагаа нь шашны сэдэлтэй бус харин улстөрийн зорилготой байсан” гэх зэрэг хэд хэдэн үндэслэлийг Хантингтоныг эсэргүүцэгчид гарган тавьж байна.

Үнэхээр терроризм ба түүнээс улбаалсан иргэншил хоорондын мөргөлдөөн дэгдэх аваас хүн төрөлхтний ирээдүй тун ч баргар байх болно.

Б.Адъяахүү 

Холбоотой мэдээ