Сурагч, оюутнууд улаанбурхнаар өвчлөх нь ихэслээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2016-01-08 11:10:42

Сүүлийн үед улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна хэмээн ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Ялангуяа 11 сар хүртэлх насны хүүхдүүд, 15-25 хүртэлх насны сурагчид болон оюутнууд илүүтэй өвчилж байна.  Өвчилсөн сурагч, оюутнууд хичээл таслахгүйн тулд хичээлдээ явсаар өвчнөө хүндрүүлэх, бусдад халдаах, өвчилсөн нэгнээ эргэх явцдаа халдвар авч өвчлөх тохиолдол гарч байгаа аж.

Иймээс бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэхийг зөвлөж байна. Улаанбурханаар өвчилсөн сурагч, оюутнууд өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах, 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах, А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх, амны хаалт зүүх, даарахгүй дулаан байх, гараа савандаж угаах хэрэгтэй.

ХӨСҮТ-ийн хүлээн авах тасгаар хэт олон хүн ирж, дараалал үүсгэн, бусад халдварт өвчтэй хүнтэй хавьтал болох эрсдэлтэй тул иргэд эхлээд харьяа өрхийн эмчдээ үзүүлж, зөвлөгөө авахыг анхаарууллаа.

Ж.Болор

 

Холбоотой мэдээ