Орхон аймгийн 2015 оны “Онцлох үйл явдал”-ын нэрлэж байна

Орон нутагт | Орхон
orkhon@montsame.mn
2015-12-31 10:22:07
oyuka_hu@yahoo.com

Наран, Шанд, Их-Залуу, Дэнж багийн авто болон явган хүний замыг бүрэн шинэчиллээ. Нийт 12.4 км авто зам шинээр тавьж засвар үйлчилгээ хийсэн байна. Үүнд орон нутгийн төсвөөс 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Гэр хорооллыг инженерийн шугамд холбох ажилд 6 тэрбум төгрөг зарцуулжээ. Уг хөрөнгөөр Дэнж, Баянбулаг, Шанд багт дулаан, ус хангамжийн төв барьж сургууль, цэцэрлэгүүдийн инженерийн шугам сүлжээг шинэчилсэн байна.
Орхон аймагт анх удаа “Эрдэнэт бага олимп 2015” спортын их наадам боллоо. Үүнд 1452 тамирчин спортын 9 төрөлд 21 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Олимпын галт бамбарыг МУ-ын Хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Түвшинбаяр, МУГТ Д.Нармандах, Г.Болдбаатар нар асаалаа.
Монгол Улс гурван сая дахь иргэнээ өлгийдөн авахтай зэрэгцэн түүний чацуутануудыг орон нутгаас тодруулсан. Орхон аймгаас Яргуйт багийн иргэн Б.Лхагвадуламын охин Гурванмарал охин тодорсон.
Орхон аймгийн 8000 гаруй ахмад ордонтой боллоо. 2014 онд шавийг нь тавьж байсан эл ордон өнгөрсөн наймдугаар сард ашиглалтад орж үйл ажиллагаагаа жигдрүүлсэн. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны 750 сая төгрөгөөр эл барилгыг барьсан юм.
Орхон аймгийн Онцгой байдлын газар 1.6 тэрбум төгрөгөөр техник, хэрэгслийнхээ 80 хувийг шинэчиллээ. Тухайлбал, 886 сая төгрөгөөр 16 давхар хүртэл сунах шат, Камаз 65-115 маркийн тусгай зориулалтын авто машинтай болов. Мөн орон нутгийн 200 сая төгрөгөөр Урал-4320 маркийн гал унтраах машин, 8 тонны багтаамжтай туслах зориулалтын авто машин авсан байна.
“Монголын Хүүхдийн спортын V их наадам”-аас Орхон аймгийн тамирчид 17 алт, 8 мөнгө, 14 хүрэл медаль хүртэв. Энэ амжилтаараа 21 аймгаас эхний гуравт жагссан юм. Орхон аймгаас 144 тамирчин 14 төрөлд өрсөлдсөн ажээ.
Их-Залуу багт 640 хүүхдийн багтаамжтай 15 дугаар сургууль ашиглалтад орлоо. 2011 оноос эхэлсэн эл барилгад нийт нэг тэрбум гаруй төгрөг зарцуулсан юм. Тухайлбал, улсын төсвөөс 850, орон нутгаас 450 сая төгрөг зарцуулжээ. Мөн Наран цогцолбор сургууль биеийн тамирын талбайтай боллоо. 2015 онд боловсролын салбарт 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна.
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл ашиглалтад оров. Ингэснээр жилд 6 сая тонн хүдэр, 113 мянган тонн баяжмал боловсруулж 26 мянган тонн цэвэр зэс үйлдвэрлэх боломжтой болжээ. Мөн ган бөөрөнцөг цувих зуухандаа технологийн шинэчлэлт хийжээ.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ