УИХ Сонгуулийн тухай шинэ хууль баталлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2015-12-25 17:27:44

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсад явагдах бүхий л сонгуулийн үйл ажиллагааг зохицуулах Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, эцэслэн баталлаа.

УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүний санаачлан өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн, мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүний санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн боловсруулсан Сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр хэлэлцлээ.

Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үдээс өмнө хийх үеэр чуулганы хуралдаанд оролцсон зарим гишүүдээс хэд хэдэн санал, шүүмжлэл гарсан. Тухайлбал Хувь тэнцүүлсэн тогтолцооны буюу Жагсаалтаар нэр дэвших 28 нэр дэвшигчийн нэрийг саналын хуудаст бичих хэрэгтэй гэж чуулганы нэгдсэн хуралдаан дээр цөөнгүй гишүүд шаардсан юм. Тиймээс Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы завсарлагаанаар хуралдаж энэ асуудлыг нэг мөр шийдэх нь зүйтэй гэж үзэн, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Хувь тэнцүүлсэн тогтоолцооны Нам, эвсэл бүрээс жагсаалтаар нэр дэвшигчдийн нэрсийг тухайн нам, эвслээс ирүүлсэн дарааллын дагуу жагсаан хэвлэж сонгогч бүрт тараах” гэсэн агуулгатай хэсэг нэмэх горимын санал гаргасан. Энэ саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжсэн юм.

Ингээд чуулганы хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу зарим саналын томьёоллоор байнгын хороо санал хураалт явуулж шийдвэрлэн УИХ-аар хэлэлцүүллээ.

Зарчмын зөрүүтэй санал тус бүрийг чуулганы хуралдаанд оролцсон олонх гишүүд дэмжсэнээр уг хуулийн нэрийг Сонгуулийн тухай хууль гэж өөрчлөн, саналын хуудсан дээр нам болон нэр дэвшигчийн нэрийг бичиж, хууль батлагдсан өдрөөс буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөхөөр болов. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувийн саналаар Сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь баталлаа. Харин уг хуулийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх, Төрийн мэдээлэл эмхэтгэлд хэвлүүлэх хугацааг хоёр долоо хоногоор хойшлуулж, энэ хооронд редакцийн засварыг нягтлан хянах болов.

Үүний дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай, Аймаг, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг хүчингүй болгов.

Үүгээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын их хурал, Аймаг нийслэл, Сум дүүргийн ээлжит сонгуулийн бүхий л эрх зүйн орчныг хангасан Сонгуулийн тухай шинэ хуультай боллоо. 

Н.Гантуяа

Холбоотой мэдээ