Хэлмэгдэгсдийн түүхийг гэрэл зургаар өгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-10 14:11:33

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Эл өдрийг тохиолдуулан Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс, Монголын Үндэсний түүхийн музей, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей хамтран "Улс төрийн хэлмэгдүүлэлт ба цагаатгал" сэдэвт үзэсгэлэн нээв.

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Л.Цог үзэсгэлэнг нээж хэлэхдээ, “Одоогоос 90 гаруй жилийн тэртээ эхэлж, монголын ард түмний сэтгэл зүрхийг шархлуулсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн хор уршиг өнөөг хүртэл бүрэн арилаагүй, энэхүү аймшигт хэрэг явдал дахин давтагдахаас сэргийлэхийн чухлыг нэхэн сануулсаар байна. 1922 онд тэр үеийн Монгол улсын Ерөнхий сайд С.Бодоо, Д.Чагдаржав нарын хэрэг гэгч зохиомол сэдэлтэйгээр эхэлж, С.Данзан, Баваасан нарын болон тайж Эрэгдэндагва, дилав хутагт Б.Жамсранжавын хэрэг гэгчээр дамжин үргэлжилж, 1933 оны “Лхүмбийн хэрэг”, 1937 оны П.Гэндэн, Г.Дэмид нарын хувьсгалын эсэргүү бүлгийн хэрэг гэгчийг тулгаснаар эрч далайц нь багагүй хумигдсан хэдий ч арга хэлбэрээ өөрчлөн залхаан цээрлүүлэлт болж хувирсан улс төрийн хэлмэгдүүлэлтийн ажиллагаа ил далд байдлаар үргэлжилсээр байсан нь ХХ дугаар зууны Монголын түүхэнд тохиолдсон хамгийн эмгэнэлт явдал болсон" хэмээн тэмдэглэсэн юм.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан нээсэн энэхүү гэрэл зургийн үзэсгэлэнд  хэлмэгдэгсдийн гэрэл зураг, улс төрийн хилс хэрэгт 1939-2013 онд цагаатгагдсан хэлмэгдэгсдийн ажил, мэргэжил, нас, ялын болон шийтгэгдсэн оны судалгаа зэргийг нарийвчлан гаргаж дэлгэн үзүүлжээ.

Б.Туул

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд