Дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүлээн авалт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-14 17:35:41

Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүлээн авалтыг ГХЯ-нд зохион байгуулав.

Хүлээн авалтыг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Омар нар тус тус үг хэлэв.

Монгол, Кубын уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улс төр, боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжихийн зэрэгцээ олон улсын тавцанд бие биенээ дэмжин ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн тэмдэглээд Куба Улс нь Америк тивийн орнуудаас Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны улс, 50 гаруй жилийн туршид Монгол Улсыг Латин Америкийн бүс нутагтай холбох гарц, гүүр болж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн Монгол Улс, Куба Улстай эдийн засгийн шинэчлэлтийн туршлагаасаа хуваалцахад бэлэн буйг тэмдэглэв.

Элчин сайд М.Омар хэлсэн үгэндээ “Өнгөрч буй 55 жилийн хугацаанд Куба, Монгол Улс бие биенээ дэмжиж, НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүйн зарчмыг дээдлэх үүрэг хариуцлагаа эрхэмлэн, маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэх, аливаа улс үндэстэн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын тогтолцоогоо сонгох халдашгүй эрхийг хүндэтгэх нь улс орнууд энх амгалан зэрэгцэн орших үндсэн нөхцөл болж ирсэн” гэв. Тэрээр хоёр орон олон талт хамтын ажиллагаанаас гадна бусад салбарт ялангуяа боловсролын талбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж байгааг онцлон, Монгол залууст олгож буй кубын тэтгэлэгийг үргэлжлүүлэхээ нотлов.

Холбоотой мэдээ