Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан Өлгий сумын ард иргэдтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-09-13 21:08:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан энэ сарын 11-13-ны өдрүүдэд тойрогтоо ажиллаж,  Өлгий сумын ард иргэдтэй уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр УИХ-ын хаврын чуулганаар баталсан хууль тогтоомжууд болон Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Тэрээр хэлсэн үгэндээ, парламент өнгөрсөн хаврын чуулганы хугацаанд бие даасан 17 хууль баталж, 67 хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 51 тогтоол батлан гаргасныг, мөн улс орны эдийн засгийг сайжруулах чиглэлээр Олон улсын валютын сантай хамтран ажиллаж, үүний үр дүнд валютын ханш тогтворжин хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт 6,1 хувьд хүрснийг, энэ оны эцэс хүртэл найман хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгааг тус тус онцоллоо.



Харин иргэдийн зүгээс үерийн гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдийг орон байртай болгох, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, хүнд сурталгүй болгох арга хэмжээ авах, ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох зэрэг асуудлуудад анхаарал тавьж ажиллахыг захилаа.

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан иргэдийн хэлсэн санал хүсэлтийг холбогдох газарт нь уламжилж шийдвэрлүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийллээ.

 

Ө.Нурболат

Холбоотой мэдээ