“Хариуцлагатай залуу манлайлагч” клубын салбарыг Гурванбулаг суманд байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2015-12-10 11:17:01

ЮНЕСКО олон улсын байгууллагаас “Хариуцлагатай Залуу Манлайлагч” хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт хамрагдсан Баянхонгор аймаг дахь “Хариуцлагатай Залуу Манлайлагч” клубын гишүүд тус аймгийн Гурванбулаг сумын ИТХ-тай хамтарч “Залуу манлайлагч” сургалт, хэлэлцүүлгийг зохион явуулжээ.

Тус үйл ажиллагаа нь “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн 2015-2020 онд Гурванбулаг сумын залуучуудын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах ажлын хүрээнд болсон байна. Хэлэлцүүлгийн үеэр залуучууд “Аймгийн төвөөс 200 гаруй километрт алслагдсан, хөрсөн дээр -40 хэмд хүрч хүйтэрдэг тус суманд оюуны хөрөнгө оруулалт бүхий үйл ажиллагаа тэр бүр хүрч үйлчилдэггүй”-г залуучууд хэлээд, орон нутагтаа тулгамдаж буй асуудлыг хөнджээ. Тодруулбал, тогтмол хугацаанд сургалт зохион байгуулах, соёлын төвийн байр, усны асуудал, ажлын байр, уул уурхай зэрэг олон асуудлуудыг хөндөж, хөгжлийн хөтөлбөртөө тусгасан байна.

Сургалтад тус сумын таван багийн 60 гаруй залуучууд хамрагдсаны дийлэнх нь малчин залуучууд байжээ. Сургалтын үеэр “Хариуцлагатай залуу манлайлагч” клубын салбар клубыг Гурванбулаг суманд байгуулж, ахлагчаар нь 4-р багийн малчин н.Идэрбат сонгогдсон байна. Ийнхүү тус сумын малчин залуус бусдыгаа манлайлахаар нэгджээ.

Б.Мөнхзул

 

 

Холбоотой мэдээ