Иргэдэд зориулсан ойн аж ахуйн сургалт эхэллээ

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2018-09-12 10:35:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ногоон Ази сүлжээ” ТББ-аас нийслэлийн 6 дүүрэгт “Иргэдийн оролцоо-Ойн аж ахуй” сэдэвт сургалтыг есдүгээр сарын 11-нээс 21-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сургалтаар уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах аюул хохирлыг иргэдэд мэдүүлж ойлгуулах, улмаар бие даах чадварыг нэмэгдүүлэх, мөн жимс жимсгэний мод, нарийн ногоо тарихад мэргэжлийн хүмүүс зөвлөгөө өгч сургаж байна.

Гол зорилго нь “Хотыг ойжуулах” чиглэлээр мод тарих үйл ажиллагаанд иргэдийг идэвхитэй оролцуулж хотын агаарын бохирдол болон хөдөө орон нутагт цөлжилтийг бууруулж багасгахад чиглэж буйг зохион байгуулагчид хэлж байна. Иргэдэд зориулсан ойн аж ахуйн сургалтыг Баянзүрх, Налайх, Хан-Уул, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, НБОГ-тай хамтран тухайн дүүргийн Иргэний танхимд явуулж 400 гаруй иргэдийг хамруулахаар төлөвлөөд байна.

Тодруулга: “Ногоон Ази сүлжээ” нь 1988 онд БНСУ-д байгуулагдсан, Монгол Улсад 2007 оноос үйл ажиллагаагаа эхэлж цөлжилтийн эсрэг чуулга уулзалт зохиож, цөлжилтийг зогсоож, хөрсний доройтлыг бууруулан нөхөн сэргээх чиглэлээр Баянхонгор, Булган зэрэг аймагт  хөрсний доройтлыг бууруулах ажлыг орон нутгийн иргэдийн оролцоотой хийж байна.
 
Б.Болд
Холбоотой мэдээ