Германы шигшээг хожсон мексикчүүд БНСУ-ын шигшээг 2:1-ээр дахин хожив

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-06-24 16:39:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийн 2018 оны ДАШТ-ий F хэсгийн БНСУ-Мексикийн халз тоглолт урд шөнө Ростов хотын "Ростов арена” цэнгэлдэх хүрээлэнд болж  2:1-ээр мексикчүүд хожлоо.

Энэхүү тоглолтыг ОХУ-д айлчилж байгаа БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин эхнэрийн хамт үзсэн байна. Хамгийн сүүлд 1998 оны ДАШТ-д энэ хоёр баг хүч үзэж, 3:1-ээр мексикчүүд ялалт байгуулсан юм. Тэд үүнээс хойш
ДАШТ-д хоёулаа оролцож байсан ч учраа таараагүй аж. Мексикийн Карлос Вела торгуулийн цохилт гүйцэтгэж, 27 дахь минутад гоол оруулсан юм. Хоёр дахь гоолыг Эрнандес 65 дахь минутад оруулав.

Шүүгчийн сунгасан 5 минутын 3 дахь минутад БНСУ-ын тамирчин Сон Хён Мин гоол оруулав. Тэрбээр шигшээ багийн тоглолтдоо 69 дэх удаа оролцон, 22 дахь гоолоо оруулсан бөгөөд энэ тоглолтын 9 дэх удаагийн цохилт нь ийнхүү амжилттай болов. 

БНСУ-ын шигшээ эхний тоглолтдоо ялагдсан бол мексикчүүд Германы шигшээг 1:0-ээр буулган авсан. Мексикчүүд хэсгээсээ гарах боломжоо ийнхүү бататгаж чадлаа.

 

Д.Өлзий

関連ニュース