Байт харваач Б.Оюун-Эрдэнэ АНЭУ-аас хос алтан медаль хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-03-08 17:57:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болсон пара байт харвааны дэлхийн чансаа тогтоох тэмцээнээс Буянжаргалын Оюун-Эрдэнэ хос алтан медаль хүртжээ.

“Fazza Para Archery World Ranking Tournament” IV тэмцээнд АНУ, Бразил, Япон, Их Британи, Ирак, Тайланд, Монгол зэрэг 10 гаруй орны баг тамирчид өрсөлдсөн байна. Тус тэмцээн гуравдуаар сарын 2-7-ны өдрүүдэд болсон бөгөөд эмэгтэйчүүдийн рекурв (70 метр) буюу олимпийн зайн төрөлд өрсөлдсөн Б.Оюун-Эрдэнэ Бразил, Тайландын тамирчдыг онооны давуугаар буюу 6:0, 6:2-оор хожиж, финалд шалгарчээ.

Улмаар аваргын төлөөх шийдвэрлэх харваанд Иракын Заман Ал Саедиг 6:5 онооны харьцаагаар хожиж тэргүүлжээ. Б.Оюун-Эрдэнэд хожигдсон Тайландын Васана Хутависа Японы тамирчин Аяа Наканишиг 6:4-өөр хожин, хүрэл медалийн эзэн болов.



Холимог багийн харваанд Монголын баг алтан медаль хүртэж, Япон, Тайландын баг мөнгө, хүрэл медал
ь тус тус хүртжээ. Б.Оюун-Эрдэнэ залуу харваач Н.Мөнхбаатартай холимог багт харваж, эхний тойрогт хийлэн Иракыг 6:0-оор хожиж, финалд Японы багийг 5:4 онооны харьцаагаар буулган авсан байна.

Олон улсын тэмцээнд анх
удаа оролцсон Н.Мөнхбаатар рекурв төрөлд өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ. Тэрбээр Ирак, Бразил, Энэтхэгийн тамирчдыг дараалан хожиж, хагас шигшээд шалгарсанн юм. Финалд өрсөлдөх эрхийн төлөө Тайландын Нетсирид ялагдсан ч хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх харваанд Тайландын тамирчин Сакон Инкаевыг 6:0-оор хожин медалийн тавцанд зогслоо.

Н.Мөнхбаатарын хувьд олон улсын томоохон тэмцээнд оролцож, багийн төрлөөр алт, хувийн харваагаар хүрэл медаль
тус тус хүртэж байна.
 

Д.Өлзий

関連ニュース