“Арабын хавар” Иранд айлчлан ирэв үү?
ТОЙМ
Ойрхи Дорнодын бүс нутгийн хоёрдахь том нөлөө бүхий улс болох Ираны хотуудад засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан бүтэн долоо хоногийн турш үргэлжилж байна. 2009 оноос хойш тус улсад ийм өргөн хэмжээний эсэргүүцлийн ажиллагаа болоогүй юм.
Жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 20 гаруйд хүрч, олон зуун хүн шархадсан тухай мэдээ ирж байна.
Жагсаалын үеэр амиа алдсан хүмүүсийн тоо 20 гаруйд хүрч, олон зуун хүн шархадсан тухай мэдээ ирж байна.
Ням гарагт Ираны эрх баригчид үймээн самууны талаар мэдээлэл цацаж байсан Instagram, Telegram интернэт сүлжээнүүдийг хаав. Telegram бол Иран дахь хамгийн өргөн хүрээг хамарсан мессенжерийн сүлжээ бөгөөд 40 сая орчим хэрэглэгчтэй аж.
Эсэргүүцлийн ажиллагааг “хувьсгалын эсэргүү хүчнүүд”, “гадаадын тагнуулууд” зохион байгуулж байгаа хэмээн эрх баригчид үзэж байгаа аж.
Хамгийн сүүлд 4-ний өдөр ирсэн мэдээллийг үзвэл, 28-нд эхэлсэн эсэргүүцлийн жагсаал цуглаанууд үндсэндээ зогссон байна. Тус улсын хууль сахиулах байгууллагуудын мэдээлснээр, эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын тоо 15 мянгаас хэтрээгүй аж.
Иран бол мэдээллийн цензур харьцангуй хатуутай улс учраас тэндээс бодитой мэдээлэл ирэх нь улам ховордсон ба ирсэн мэдээнүүд хоорондоо зөрж байна.
Эсэргүүцлийн эхлэл
Олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өнгөрсөн оны 12 дугаар сарын 28-ны өдөр Ираны зүүн хойд нутгийн Мешхед хотод дэгдсэн байна. Тус улсын хоёрдахь том хот гэгддэг 3 сая хүн амтай Мешхед бол шиит шашинтнуудын хувьд 7 ариун газрынх нь нэг юм.
Уг жагсаалыг ерөнхийлөгч Рухани-гийн явуулж буй шинэчлэлийн бодлогод дургүйцсэн исламын радикал үзэлтнүүд өдөөлөө. Тегеран хотын цагдаагийн газрын дарга мэдэгдэл хийж “нүүр, биеэ халхалсан хувцас өмсөхөөс татгалзсан эмэгтэйчүүдийг баривчлахгүй” гэж хэлсний дараа Мешхед хотод эсэргүүцлийн ажиллагаа дэгдсэн байна.
Энэ хотод шашны консерватив үзэлтнүүдийн удирдагч болох Ибрагим Раизи амьдардаг бөгөөд тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд Хасан Рухани-тай өрсөлдөж байжээ. Эсэргүүцлийн ажиллагааг ямар улс төрийн хүчин болон хэн гэдэг улстөрч удирдаж байгаа нь тодорхойгүй байгаа боловч И.Раизи-гийн нэр хааяа дурдагдаж байна.
Шашны хуучинсаг үзлийн нөлөөн дор эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн нь хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, эрх баригчдын явуулж буй эдийн засгийн бодлогыг шүүмжилсэн жагсаал цуглаан болж хувирлаа. Улмаар улс төрийн өнгө аястай болж, засгийн газар болон шашны дээд зиндааныхныг /мулла, аятолла нарыг/ шүүмжлэх болов. “Ард олон ядуурч байхад аятолла нар бурхад мэт тансаг амьдарч байна” хэмээн жагсагчид хашгиралдаж байлаа.
Тус улсад цалин хөлсийг цаг хугацаанд нь олгохгүй байгаа, ажилгүйдлийн түвшин өндөр байгаа, үнэ нэмэгдсээр байгаа зэрэг нь ард олны бухимдлыг төрүүлж байна. Сүүлийн үеийн ганцхан жишээг дурдахад, өндөгний үнэ долоо хоногийн дотор хоёр дахин нэмэгдсэн гэх мэт.
Жагсагчид эхэндээ хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн гудамжинд гарсан боловч яваандаа Ираны удирдагчдыг огцруулах, Сири, Ливан, Ирак, Йеменээс тус улсын цэргийг гаргахыг шаардсан улс төрийн ажиллагаа болж хувирлаа. Жагсаалд оролцогчид 1979 оны хувьсгалын удирдагч аятолла Хомейни, одоогийн удирдагч аятолла Али Хаменеи болон ерөнхийлөгч Хасан Рухани, “Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпус”-ын командлагчдын нэг Кассем Сулеймани нарын хөргүүдийг шатаасан нь урьд өмнө нь үзэгдэж дуулдаагүй үйлдэл байлаа. Аятолла бол исламын шашны ариун бэлгэ тэмдэг бөгөөд түүнийг доромжилж тохуурхсан хүн маш хатуу цээрлэл хүлээдэг билээ.
Эдийн засгийн шалтгаанаар, үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэх байдлаар жагсаал цуглаан хийх нь Иранд түгээмэл үзэгдэл боловч “дарангуйлагч сөнөтүгэй” гэж хашгиралдаж, шашны дээд удирдагчдын зураг хөргийг шатааж, тэднийг хайр найргүй шүүмжилнэ гэдэг нь Иранд бол төсөөлөхийн аргагүй зүйл юм.
2009 онд дэгдсэн “Ногоон хөдөлгөөн” эсэргүүцлийн хөдөлгөөн нь эрх баригчид сонгуулийн дүнг будлиантуулсныг эсэргүүцэж байсан бол энэ удаагийн жагсаалын зорилго нь яг тодорхой биш байгаа юм. Тухайн онд болсон сонгуульд Ахмадинежад ялсныг Сонгуулийн Төв хороо зарласны дараа Иран даяар Мир-Хоссейн Мусави-гийн талынхан сонгуулийн дүнг эсэргүүцэн жагсаал цуглаан зохион байгуулав. “Дарангуйлагч сөнөтүгэй” гэсэн уриан дор болсон жагсаалын үеэр Мусави “сонгуулийг дахин явуулна” гэдгээ мэдэгдэж байв. Түүний талынхан Тегеран болон бусад томоохон хотуудад ногоон өнгийн туг далбаа барин жагссан учраас “Ногоон хувьсгал” гэж нэрлэжээ. Эсэргүүцлийн ажиллагааны үеэр олон хүн амиа алдсан билээ.
Амлалтаа биелүүлээгүй Ерөнхийлөгч
Шашны фанатуудын зохион байгуулсан жагсаал цуглаанд шашингүй үзэлт залуус нэгдсэнээр эсэргүүцлийн ажиллагааны чиг зорилго эрс өөрчлөгдөж, Руханигийн засгийн газрын явуулж буй эдийн засгийн бодлогыг шүүмжлэх болов.
Одоогийн ерөнхийлөгч Рухани тэргүүтэй либералууд засгийн эрхийг авахын тулд “барууныхантай хэл амаа ололцож, хоригийг цуцлуулна, ингэснээр иргэдийн амьдрал сайжирна” гэж амласан. Үнэхээр ч баруун орнуудтай тохиролцоонд хүрч чадсанаар Ираны эсрэг авсан хоригуудын зарим нь цуцлагдаж, тус улс нефтиэ дэлхийн зах зээлд дахин борлуулж эхэлсэн билээ. Гэтэл ард олны амьдрал төдийлөн сайжрахгүй байгаагийн учир юу вэ?
Сирид 6 жил үргэлжилсэн иргэний дайны явцад Ираны эрх баригчид ерөнхийлөгч Башар Асадыг дэмжсээр ирсэн бөгөөд үүнд нэлээд их мөнгө зарлагадсан. Оросууд хөндлөнгөөс оролцож, Сирийн армид агаараас дэмжлэг үзүүлснээр Асадыг аварсан боловч Иранаас гаргаж буй зардал огт буурсангүй. Түүнээс гадна иранчууд Ирак, Йемен, Ливан болон Газын зурвас дахь Ираны тал баримтлагч хүчнүүдийг дэмжиж, цэргийн хүчээ илгээсэн нь нефтиэс олж буй мөнгөнөөс чамгүй ихийг “зулгаах” нь ойлгомжтой. Тегераны эрх баригчид Йемений хусит босогчдод зэвсэг нийлүүлж, Ливан дахь шиитүүдийн “Хезболла” хөдөлгөөнийг дэмждэг нь нэгэнт тодорхой болсон билээ.
Эрх баригчид дотоодод үүссэн асуудлуудыг үл хайхран гадаад орнуудын асуудалд хөндлөнгөөс оролцож байгаад жагсагчид дургүйцлээ илэрхийлсээр байлаа. Мешхед хотод жагсагчид “Газын зурвас, Ливан бус харин Иран улс бол бидний амьдрал”, “Сирийг зөнд нь орхи, бидний төлөө санаа тавь” гэсэн үгийг хоолой нийлүүлэн хашгирч байв.
Эсэргүүцлийн ажиллагаа дэгдэх болсон өөр нэгэн ноцтой шалтгаан бий. Тус улсад олноороо байгуулагдсан нууц банкууд асар өндөр ашиг амлан, ард иргэдийн мөнгийг хуу хаман авч байлаа. Энэ нь 1990-ээд онд Орос улсад газар авч байсан МММ гэдэг сүлжээтэй төстэй луйвар болой. Санхүүгийн пирамид гэгддэг энэхүү системийг нураахын тулд засгийн газар хатуу арга хэмжээ авснаар нууц банкуудын ихэнх нь дампуурч, ядуу иргэд эдгээр пирамидад оруулсан мөнгөө алдаж, амьдрал ахуй нь доройтсон байна. Энэ мэт шалтгаанаас ард олны эсэргүүцэл үүдэлтэй болой.
Нөгөө талаас, Ираны эдийн засгийн байдлын талаарх статистик мэдээллүүдийг харвал, бодит байдал ягтаа тултал хүндрээгүй байгаа юм. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 5252 доллар байгаа нь 2016 оныхоос 4,5 хувиар өссөн үзүүлэлт.
Эсэргүүцэл дэгдэхэд нөлөөлсөн гол шалтгаан гэгдэж буй инфляцийн түвшин 8-8,25 хувь байгаа нь сүүлийн 25 жилийн хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт.
Ажилгүйдэл 8-9,5 хувьтай байгаа нь өндөр боловч хөрш орнууд болох Турк /11,6 хувь/, Ирак /16 хувь/, Оман /17,5 хувь/-тай харьцуулахад тийм ч айхтар түгшээхээр тоо биш. Сүүлийн хэдэн арван жилийн турш Иран улс олон улсын маш хатуу хоригт ороод байсныг тооцож үзвэл дээрх тоонууд тийм ч муу үзүүлэлт биш юм.
Олон улсын хандлага
Дэлхийн улс орнуудын удирдагчид болж буй үйл явдалд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөхөөс тээнэгэлзэж байгаа бол Иранд угаасаа таагүй ханддаг АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хамгийн түрүүнд өөрийн санаа бодлыг илэрхийллээ.Твиттер хуудсандаа түүний бичсэнийг үзвэл “Иранд өөрчлөлтийн үе аль хэдийн ирсэн. Аугаа их Ираны ард түмэн харгислалд нухлуулсаар ирлээ, тэдэнд хоол хүнс, эрх чөлөө хэрэгтэй байна. Ираны засгийн газар ард олныхоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хүндэтгэх ёстой. Дэлхий дахин ажиглан харж байна” гэжээ. Д.Трамп сонгогдсон даруйдаа “Обамагийн засгийн газрын Ирантай байгуулсан тохиролцоог хүчингүй болгоно” гэж мэдэгдэж байсан билээ.
Цагаан ордны төлөөлөгч Сара Сандерс Ираны эрх баригчдад хандан ард иргэдийнхээ эрхийг хүндэтгэхийг уриалахын сацуу “авлига болон гадаадад терроризмыг санхүүжүүлэхийн тулд улс орныхоо баялгийг эрх баригчид үрэн таран хийж байгаад ард олон дургүйцэж байна” гэлээ.
Харин Ойрхи Дорнодод Ираны гол холбоотон болж буй Орос улс иймэрхүү эрс хатуу мэдэгдэл хийхгүй нь ойлгомжтой. Оросын ГХЯ мэдэгдэхдээ “болж буй үйл явдал нь Иран улсын дотоод хэрэг бөгөөд нөхцөл байдал цаашдаа хүчирхийлэл, цус урсгах явдалд хүргэхгүй” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
Тэвчээртэй байхыг Францын Ерөнхийлөгч Э.Макарон Ираны эрх баригчдад хандан уриалжээ. Европын Холбооны зүгээс Иранд өрнөж буй үйл явдалд ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгсөнгүй, “байдлыг ажиглаж байна” гэж мэдэгдэхээс хэтэрсэнгүй.
Б.Адъяахүү