Дэлхийн төв ба археологийн олдворууд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГМонгол Улсын үүх, түүх археологийн үнэт ховор олдворуудаар үргэлж баяжиж, шинэчлэгддэг билээ. Тиймдээ ч БСШУСЯ, Ховд аймгийн ЗДТГ, Монголын Үндэсний музей, Соёлын өвийн төв, Ховд их сургууль хамтран “Хадан гэрийн соёл” үзэсгэлэнг олон нийтэд толилуулав.
Хадны оршуулга нь нарны тусгалаас далд, бороо чийг нэвтэрдэггүй хуурай нөхцөлд хатаж занданшсан байдаг учраас олдворууд нь маш сайн хадгалагдсан учир эртний түүхийн судалгаанд үнэлж баршгүй чухал ач холбогдолтой байдаг талаар судлаачид өгүүлж байв. Сүүлийн 20 гаруй жилд хийсэн эртний судлалын үр дүнд Монгол орны уул нуруудын агуй, хөмөгт нууцлан хөдөөлүүлсэн эртний хүмүүсийн оршуулга, түүхэн олдворууд цөөнгүй олдсоор байна.


Мөнхүү Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан, эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, Ч.Баяндэлгэр, жолооч Э.Дашцэрэн нарын бүрэлдэхүүнтэй судалгааны баг Ховд аймагт томилолтоор ажиллаж Мянгад сумын нутаг “Урд Улаан үнээт” уулын дурсгалт газраас нэхий дээл, доргоны арьсан дах, нум сум, арьсан ууттай тоглоомын модон хасаа, адууны зүлд, нуман хэлбэрийн нимгэн бүүрэгтэй эмээлийн мод, модон хавчаартай арьсан уут зэрэг урьд өмнө олдож байгаагүй ховор сонин олдворууд нээн илрүүлсэн бөгөөд судлаачид урьдчилсан байдлаар тэдгээрийг Нирун улсын үед буюу Нийтийн тооллын IV-VI зуунд холбогдоно хэмээн таамаглаж буй юм.
Ийнхүү “Хадан гэрийн соёл” үзэсгэлэнг бүтэн хоёр сарын турш олон нийтэд үзүүлэхээр болсныг уншигчдад дуулгахад таатай байна. Эх орон минь ширхэг чулуу нь иргэн бүрт үнэ цэнэтэй байдаг шиг сөөм газар нь хүртэл тайлагдашгүй олон нууц, үүх түүхээр баялаг байдгийн учир энэ биз ээ.
Мянгад сумын нутгаас олдсон ховор үзмэрүүд
Ховд аймгийн Мянгад сум Цагаан булаг багийн нутаг “Улаан үнээт” хэмээх газар тонуулчид хадны оршуулга эвдэн сүйтгэсэн гэх мэдээлэл Үндэсний музейд ирсний дагуу дээр дурдсан судлаачдын баг тус сумын зүг хүлгийн жолоо залжээ.
Энэ өдөр бол 2015 оны 5 дугаар сарын 1 байсан аж. Судалгааны багийнхныг “Улаан үнээт” уулын агуйн үүдэнд очиход бүрий унасан байжээ. Тиймээс дурсгалт газрын ойролцоо Хар ус нуурын баруун хойд хөвөөнд суудаг, нутгийнхандаа “Дотноо” хэмээн авгайлагдсан Доржсүрэнгийнд хоноглож маргааш нь эртлэн босч судалгааны ажилдаа оржээ.


Тонуулчид зөвхөн хөвчтэй нум, эвэр иштэй төмөр хутга, сэнжтэй модон сав зэрэг материаллаг зүйлсд шунасан нь илт харагдана. Азаар Ховд аймгийн цагдаагийн баг бүрэлдэхүүн тэдгээр эд өлгийн ховор нандин зүйлсийг тонуулчдаас хураан авч судалгааны багийнханд тушаасан нь эх орноо гэх иргэн хүний сэтгэлийн ариун үйл юм.
Тус газраас олдсон олдворуудын харьцуулсан судалгаагаар он цагийн баримжааг урьдчилсан байдлаар таамаглах бололцоотойг судлаачид онцолж байв. Эдгээр олдворуудын дотор буй ширэн уутанд хийсэн 10 ширхэг модон тоглоом бол анх удаа олдсон ховор нандин үзмэр. Хамгийн гол нь нүүдэлчдийн тоглоом наадгайн түүхийг улируулан судлахад нэн чухал ач холбогдолтой гэдгийг Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан онцлов.
Улс үндэстэн бүр өөрсдийн гэсэн ёс заншил, зан үйлтэй байдаг. Тэнгэрт дэвшсэн хүнийг хандуулан тавих зүг чиг ч харилцан адилгүй. Улаан үнээт уулнаас хадны оршуулга илэрсэн гэдгийг дээр өгүүлсэн. Агуй нь баруун урдаас зүүн хойш чиглэлтэй боловч талийгаачийн толгойг баруун хойд зүгт хандуулан тавьсан байжээ. Харин 2014 онд Архангай аймгийн Өгийнуур сумын Талын гурван хэрэмд малтсан Нируны үеийн хоёр булшинд хүний толгойг мөн баруун хойд зүгт чиглүүлэн тавьсан байжээ. Ийнхүү судлаачид эмээл, нум, адууны зүлд болоод оршуулгын зүг чигийг нарийвчлан судалсны эцэст тус газраас олдсон хадны оршуулга нь эртний Нирун улсын үед холбогдох магадлалтай хэмээн үзэж байна.
Мөнххайрхан сумын нутгаас олдсон ховор үзмэрүүд
Энэхүү дурсгалыг анх 2015 онд нутгийн иргэн Д.Мөнхцоож, Ч.Алагаа нарын мэдээллийн дагуу Ховд аймгийн музей, тус сумын Соёлын төв, сумын ЗДТГ-ын хамтарсан түүх соёлын үл хөдлөх дурсгалын үзлэг, тооллогын хээрийн судалгааны баг газар дээр нь очиж анхан шатны баримтжуулах ажлыг гүйцэтгэжээ.

Үүний дараагаар өнгөрсөн жил археологич, доктор Ч.Мөнхбаяр тэргүүтэй судалгааны баг уг хадны оршуулгыг устаж үгүй болохооос урьтаж археологийн авран хамгаалах малтлага хийсэн байна. Доктор Ч.Мөнхбаярын дурдсанаар хамгийн ховор үзмэрүүдийн нэгт нүдний хэсэг нь гарч бусад нь далдлагддаг, орой дээрээ цоорхойтой толгойн өмсгөл орох ажээ. Урд талдаа хэлхсэн цэнхэр сувсан гогцоо бүхий товчтой тус малгайн духны хэсгийг арьсаар хийж угалзан хээгээр чимэглэсэн байв. Мөнхүү алдарт “adidas” брэндийг санагдуулам хээтэй гутал олдсон гэдгийг уншигчид андахгүй мэднэ. Тус гутал нь эмэгтэй хүний шарилд өмсгөөтэй байжээ.
Энэхүү булшнаас гарсан хүн, амьтан, даавуун зөөлөн эдлэлд хамаарах 9 төрлийн дээж дээр он цаг тогтоолгох шинжилгээг албан ёсны баталгаат бичиг баримттай байлгахын тулд магадлан итгэмжлэгдсэн “BETA Anylytic” компаниар хийлгүүлэхэд энэхүү эд өлгийн зүйлс нь МЭӨ 10 дугаар зууных болох нь тогтоогджээ.
Ерөнхийдөө судлаачид Үзүүр гялангийн дурсгалуудыг угсаатны зүйн шинжлэх ухааны үүднээс цаашид зайлшгүй нарийвчлан судлах шаардлагатай гэдгийг хэлсэн юм.
Хайрлах шалтгаан

Алдарт зохиолч Д.Маамын “Газар шороо” романд нэгэн монгол бүсгүй солио өвчин тусчихаад “Ертөнцийн төв бол Хятад” хэмээн орилсоор тэртээд тоос босгон давхилдаж буй адуун сүргийн араас алхан оддог. Харин “Хадан гэрийн соёл” үзэсгэлэнг үзээд улс гүрнийхээ түүх, өвгө дээдсийн үлдээсэн ёс заншил, судрын шарласан хуудастай салхинд хийсэн одовч цэцэн мэргидийнх нь цээжнээс огтхон ч салаагүй сургаалийг нэхэн санав.
Ертөнцийн төв бол Монгол гэж хэлмээр санагдлаа. Нэгэн цагт их гүрэн байсан тэр их газар нутаг өдгөө хоёр гүрний дунд хавчуулагдан оршиж буй. Гэхдээ энд монгол гэрийн буурь, хурдан хүлгийнхээ алтан туураар дэлхийг тамгалж ертөнцийн төвд нь Монголын их эзэнт гүрнийг байгуулж явсан өвгөдийн минь түүх хадгалаастай байна.
Хайрлахын шалтгаан эндээс үүсмүй...
Б.Алтанхуяг
Гэрэл зургийг: Б.Чадраабал