ДОРНОГОВЬ: Зэрлэг амьтан хамгаалах үйлсэд зориулж туулах чадвартай машин өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-12-15 15:42:02

Сайншанд, 2025 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. “Монголын байгаль, говийн экосистем, зэрлэг ан амьтныг судлах хамгаалах төв” ТББ-аас Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргааны менежментийн үйл ажиллагааг дэмжин туулах чадвар сайтай авто машиныг гардуулжээ.


Энэ нь зэрлэг амьтдыг хамгаалах ажилд ахиц гарч, байгаль хамгаалах үйлсэд оруулж буй томоохон хувь нэмэр болох юм. Их нартын байгалийн нөөц газарт 66,592,00 га талбай хамаарах бөгөөд УИХ-ын 1996 оны 5 дугаар сарын 28-ны 43 дугаар тогтоолоор байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авч байжээ. Дээрх газрыг таван байгаль хамгаалагч хариуцан хамгаалдаг.


Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг сумын нутгийг дамнан сунаж тогтсон их хадан уулс бүхий нутгийг Их нартын байгалийн нөөц газар гэдэг. Говь, хээр хосолсон цөлөрхөг энэ бүсийг дэлхийд ховордоод буй аргалийн өсөж үржих сүүлчийн нөмөр нөөлөг болсон газар гэж үздэг. 2013 оноос Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, “Аргаль агнуур судлалын төв” төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан хамгаалалтын менежментийг хариуцан ажиллаж эхэлсэн бөгөөд 2018 оноос Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа үргэлжлүүлэн хариуцаж иржээ.


Их нартын байгалийн нөөц газарт 400 гаруй янгир, 1000 гаруй аргаль байсан хэдий ч хоёр жилийн өмнөх зуднаар тоо толгой нь цөөрсөн байна. Харин энэ жилээс дахин өсөж байгаа юм. 

関連ニュース