18 каратын алтан суултуур 12 сая доллароор зарагджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
НЬЮ-ЙОРК, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /RIA Novosti/. Италийн алдартай зураач Маурицио Каттеланы бүтээл болох 18 каратын алтаар хийсэн 100 кг жинтэй жорлонгийн суултуурыг Sotheby’s ордонд болсон дуудлага худалдаагаар 12 сая гаруй ам.долларын үнэд хүргэн заржээ.
Sotheby's-ын цахим хуудсанд мэдээлснээр, уг суултуур 12 110 000 ам.доллароор зарагдсан байна. “Америка” хэмээн нэрлэсэн 101.2 кг жинтэй уг алтан суултуурыг шууд зориулалтаар нь ашиглах боломжтой ажээ. Ийм хоёр ширхэг суултуур байсан бөгөөд нэг нь 2019 оны есдүгээр сард Уинстон Черчиллийн төрсөн ордноос хулгайд алдагдсан юм. Жорлонг ордонд байрлах үзэсгэлэнгийн хэсэгт байрлуулсан байжээ.
"New York Times" сонинд мэдээлснээр, дуудлага худалдаанд тавигдсан суултуурын эзэн нь Америкийн тэрбумтан Стивен Коэн аж.
М.Каттеланы алдартай инсталляц болох "хананд мөнгөлөг наалтаар тогтоосон гадил жимс" 2024 онд "Sotheby’s" ордны дуудлага худалдаагаар 6.2 сая ам.доллароор зарагдаж байв.
Ulaanbaatar