Ж.Эпштейнтэй холбоотой баримтуудыг ил болгохыг Д.Трамп уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-11-17 17:05:34

ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /AP/. Америкийн санхүүч, бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгч Жеффри Эпштейнтэй холбоотой бүх баримт бичгийг нийтлэх саналыг Төлөөлөгчдийн танхимын бүгд найрамдахчууд өгөх ёстой гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гаргийн орой мэдэгджээ. 


Д.Трамп Бүгд найрамдах нам доторх эсэргүүцлийн улмаас өмнөх байр сууриасаа ухарсан ховор тохиолдол энэ болж байна. “Төлөөлөгчдийн танхимын бүгд найрамдахчууд Эпштейний барим бичгүүдийг дэлгэхийн төлөө саналаа өгөх ёстой, учир нь бидэнд нуух зүйл байхгүй” гэж Д.Трамп “Truth Social” хуудсандаа бичжээ.


“Манай Бүгд найрамдах намын агуу амжилтаас хойш татах зорилготой Ардчилсан намын заль мэхнээс ангижрах цаг болсон” гэж тэрбээр бичсэн байна. Энэ долоо хоногт Конгресс 2019 онд шоронд амиа егүүтгэж нас барсан Ж.Эпштейний үйлдсэн бэлгийн хүчирхийллийн хэргийн мөрдөн байцаалттай холбоотой баримт бичгийг дэлгэх эсэх талаар санал хураалт явуулах юм.


Санхүүч асан өмнө нь насанд хүрээгүй охиныг биеэ үнэлэхийг ятгасан хэргээр яллагдаж байжээ. Шүүмжлэгчид хэлэхдээ, Трамп санал хураалтыг эсэргүүцсэнээр буруутай үйлдлийнхээ талаарх мэдээллийг нуухыг оролдсон хэмээн буруутгаж ирсэн бол Ерөнхийлөгч үүнийг няцаасаар байгаа юм.


Д.Трамп тэдгээр баримт бичгийг дэлгэх талаар гэнэтийн мэдэгдэл хийхээс өмнө хуулийн төслийг дэмжигчид Төлөөлөгчдийн танхимд батлахад хангалттай тооны саналыг цуглуулсан байсан бололтой байна. Гэхдээ уг арга хэмжээ Сенатаар батлагдах эсэх нь тодорхойгүй байна. Хэрэв Төлөөлөгчдийн танхим болон Сенатын танхимын аль аль нь баталвал Хууль зүйн яам Ж.Эпштейнтэй холбоотой бүх баримт бичгийг ил болгох ажээ. 

関連ニュース