Цөмийн хөтөлбөрийн талаарх хэлэлцээг үргэлжлүүлэхээс татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТЕХРАН, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /TASS/. НҮБ-ын хориг арга хэмжээг дахин сэргээх механизмыг (snapback) идэвхжүүлэхийг санал болгосон гурван улс болох Их Британи, Герман, Францтай цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар хийж буй хэлэлцээгээ Ираны тал зогсоожээ.
“АНУ-тай хийх хэлэлцээ бол Европын гурван улстай хийх хэлэлцээнээс тусдаа өөр асуудал. Snapback механизмтай холбоотой үйл явдлын дараа бид Европын орнуудтай цөмийн хөтөлбөрийн талаар хэлэлцэхээ зогсоох шийдвэр гаргасан. Учир нь тэдний үйлдэл олон улсын хууль тогтоомжтой зөрчилдөж байна. Европтой харилцаагаа хэвээр үргэлжлүүлнэ. Гэхдээ цөмийн хөтөлбөрийн асуудлыг дахин хэлэлцэхгүй. Тэр тусмаа Герман бол НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн гишүүн улс биш шүү дээ” гэж Ираны Гадаад хэргийн дэд сайд Саид Хатибазе мэдэгджээ.
Ирантай байгуулсан цөмийн хэлэлцээрийг дэмждэг 2231 дугаар тогтоолыг зургаан сараар сунгах тухай Орос, Хятадын санал болгосон тогтоолын төслийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл есдүгээр сарын 26-нд дэмжээгүй байна. Үүнээс хоёр хоногийн дараа буюу есдүгээр сарын 28-нд Ираны эсрэг авсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хориг арга хэмжээ дахин хэрэгжиж эхэлжээ.
Есдүгээр сарын 29-нд Европын Холбооны Зөвлөл мөн “Европын гурвал”-ын адилаар Ираны эсрэг хориг арга хэмжээг хэсэгчлэн сэргээх шийдвэр гаргажээ. Хоригийн жагсаалтад багтсан хувь хүн, аж ахуйн нэгжүүд Европын Холбоонд нэвтрэхийг хориглох, хөрөнгийг нь царцаах, худалдааны хязгаарлалт хийх, мөн Европын нисэх онгоцны буудлуудаар дамжиж буй Ираны ачаа тээврийн нислэгийг хязгаарлах зэрэг арга хэмжээнд өртөх юм.
Үүнээс өмнө Ираны Гадаад хэргийн сайд хэлэхдээ, холбогдох бүх дэд бүтэц халдлагад өртсөн тул Иранд уран баяжуулахгүй байгаа гэж мэдэгджээ. Мөн Иранд бүртгүүлээгүй, нуусан цөмийн байгууламж байхгүй, бүх объектыг МАГАТЭ мэдэж байгаа хэмээн онцолсон байна.
Ulaanbaatar