Тайванийн талаар хэлсэн үгээ буцаахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /Kyodo/. БНХАУ-д суугаа Японы Элчин сайдыг дуудан уулзаж, Ерөнхий сайд Такаичи Санаэг Тайванийн нөхцөл байдлын талаар саяхан хийсэн мэдэгдлээ буцаахыг шаардсан гэж Хятадын Гадаад хэргийн яам өнөө өглөө мэдэгджээ.
Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сунь Вэйдунтай пүрэв гарагт хийсэн
уулзалтын үеэр Японы Элчин сайд Канасүги Кэнжи уг асуудлаарх Японы байр суурийг
тайлбарласан гэж Бээжин дэх Японы Элчин сайдын яамнаас мэдэгдсэн байна.
Өнгөрсөн баасан гарагт Т.Санаэ парламентын хуралдаанд үг хэлэх үеэрээ, Тайванийн эсрэг Хятадын талаас цэргийн дайралт хийвэл “үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн
нөхцөл байдал” үүсэж, Япон улс өөрийгөө хамгаалах эрхээ эдлэхэд хүрч
болзошгүй гэж мэдэгджээ.
Түүний үг Бээжингийн дургүйцлийг төрүүлж,
Осака хот дахь Хятадын Ерөнхий консул Шюэ Жянь бямба гарагт X нийгмийн сүлжээний хуудсандаа
“бохир толгойг өчүүхэн ч эргэлзэлгүйгээр тасдана” хэмээн сүрдүүлсэн утгатай пост бичжээ. Уг постыг дараа нь үзэх боломжгүй болсон байна.
К.Кэнжи пүрэв гарагт С.Вэйдунтэй уулзах үеэр Ш.Жянийн хэлсэн “туйлын зохисгүй” үгэнд хатуу эсэргүүцэл илэрхийлж, шаардлагатай арга
хэмжээ авахыг Бээжинд уриалсан гэж Элчин сайдын яамны мэдэгдэлд дурджээ.
Коммунист засаглалтай Хятад, Тайвань нь 1949 онд иргэний дайны улмаас салснаасаа хойш тусдаа засаглалтай болсон юм. Хятадын тал өөртөө засагладаг ардчилсан арлыг шаардлагатай тохиолдолд эх газартай хүчээр нэгтгэх салан тусгаарлагч муж гэж үздэг бөгөөд Тайванийн асуудлыг цэвэр “дотоод хэрэг” гэж үздэг.
Ulaanbaatar