АНУ хар тамхины бүлэглэлтэй тэмцэх шинэ ажиллагаа эхлүүлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /DW/. Дэлхийн баруун тал бөмбөрцөгт “хар тамхины террористууд”-ыг онилсон шинэ цэргийн ажиллагаа явуулна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет мэдэгджээ.
“Өнөөдөр би “Southern Spear” ажиллагааг эхлүүлснийг зарлаж байна”
гэж Пентагоны тэргүүн пүрэв гарагт X нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан
мэдэгдсэн байна.
“Southern Spear” нэгдсэн ажиллагааны бүлэг болон Өмнөд командлалын удирдлага дор явуулах энэхүү ажиллагаа нь улс орноо хамгаалах, хар манай тал бөмбөрцгийг хар тамхины террористуудаас цэвэрлэх, ард иргэдийн аминд хүрч буй мансууруулах бодисоос эх орноо хамгаална” гэж тэрбээр хэлжээ.
Өмнөд командлал /SOUTHCOM/ бол Төв Америк, Өмнөд Америк, Карибын тэнгисийн 31 орныг хамтран урьдчилан таамаглах аргагүй нөхцөл байдалд явуулах ажиллагааг төлөвлөх, ажиллагааг явуулах, мөн аюулгүй байдлын хамтын ажиллагааг хариуцдаг АНУ-ын Зэвсэгт хүчний 11 командлалын нэг юм.
Өнгөрсөн долоо хоногт нисэх онгоц тээгч хамгийн том хөлөг онгоц болох “USS Gerald R Ford” Карибын тэнгис болон Латин Америкийн усан нутаг дэвсгэрт ирсэн нь тус бүс нутагт хэдийн зузаатгаад байсан тэнгисийн цэргийн хүчийг улам бэхжүүлжээ.
АНУ-ын засаг захиргаанаас мэдэгдсэнээр, тус бүс нутагт цэргийн хүчээ байрлуулж байгаа нь АНУ-ыг мансууруулах бодисын хууль бус эргэлтээс хамгаалахын тулд үндэстэн дамнасан гэмт бүлэглэлүүдтэй тэмцэх зорилготой байна. Мансууруулах бодисын наймаатай тэмцэх кампанит ажлынхаа хүрээнд АНУ Карибын тэнгис болон Номхон далайн зүүн хэсэгт хэд хэдэн хөлөг онгоцонд цохилт өгчээ. Эдгээр цохилтод өртөн олон арван хүн амиа алдсан байна.
АНУ-ын эдгээр үйлдэл нь тус бүс нутагт, ялангуяа Венесуэлтэй холбоотой хурцадмал байдлыг улам даамжруулж байна. Мансууруулах бодисын хууль бус наймаачдыг Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуротой холбоотой хэмээн АНУ-ын эрх баригчид мэдэгдэж байгаа юм.
Харин Н.Мадуро уг мэдэгдлийг няцааж, АНУ “шинэ дайн зохиож байна” гэж мэдэгджээ. Тэрбээр АНУ цэргийн хүчээ байрлуулж буйг өөрийг нь засгийн эрхээс түлхэн унагах зорилготой гэж мэдэгдсэн байна. Н.Мадуро мэдэгдэхдээ, тус бүс нутагт АНУ-ын тэнгисийн цэргийн хүчийг байрлуулж байгаа нь “тус тивд сүүлийн 100 жилд тулгарсан хамгийн том аюул занал” гэжээ.
Ulaanbaatar