ФИФА-гийн Энх тайвны шагналыг гардуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-06 15:58:22

ЖЕНЕВ, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /Xinhua/. Олон улсын хөл бөмбөгийн холбоо /ФИФА/ “ФИФА-гийн Энх тайвны шагнал - Хөл бөмбөг дэлхийг нэгтгэдэг” хэмээх шагналыг бий болгосноо лхагва гарагт зарлалаа. Энх тайвны төлөө онцгой хүчин чармайлт гаргаж, хил хязгаараас үл хамааран хүн төрөлхтнийг нэгтгэсэн хүмүүст энэхүү шагналыг олгох ажээ. 


“ФИФА-гийн Энх тайвны шагнал - Хөл бөмбөг дэлхийг нэгтгэдэг” шагналыг дэлхийн өнцөг булан бүр дэх хөл бөмбөгийн таван тэрбум гаруй хөгжөөн дэмжигчийн нэрийн өмнөөс гардуулна. Энэхүү шагналыг өдөр тутмын үйл ажиллагаагаараа хөл бөмбөгийн спортод, ФИФА-гийн хөл бөмбөгөөр дэлхий дахиныг нэгтгэх уриа лоозонд хувь нэмрээ оруулж, охид, хөвгүүд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг хүсэл тэмүүлэл, баяр баясгалан, итгэл найдвар, аз жаргалаар нэгтгэдэг хүмүүсийн амжилтыг үнэлэн олгоно гэж ФИФА-гийн мэдэгдэлд дурджээ.


ФИФА-гийн тэргүүн Жанни Инфантино анхны шагналыг 2025 оны 12 дугаар сарын 5-нд буюу 2026 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эцсийн сугалаа АНУ-ын Вашингтон хотод явагдах үед гардуулах ажээ.


“Улам бүр тогтворгүй, хуваагдмал болж буй дэлхий ертөнцөд мөргөлдөөнийг зогсоож, хүмүүсийг энх тайвны мөн чанараар нэгтгэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөж буй хүмүүсийн онцгой хувь нэмрийг хүлээн зөвшөөрөх нь туйлын чухал. Хөл бөмбөг бол энх тайвныг бэлгэддэг бөгөөд дэлхийн хөл бөмбөгийн нийгэмлэгийн нэрийн өмнөөс олгох ФИФА-гийн “Энх тайвны шагнал - Хөл бөмбөг дэлхийг нэгтгэдэг” шагнал нь хүн төрөлхтнийг нэгтгэж, ирээдүй хойч үеийнхэнд итгэл найдвар бэлэглэж буй хүмүүсийн асар их хүчин чармайлтыг үнэлэх болно” гэж Ж.Инфантино мэдэгдсэн байна.



関連ニュース