Германчууд Олимп зохион байгуулахыг дэмжжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2025-11-05 17:22:09

БЕРЛИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /DW/. Германчуудын дийлэнх нь Олимпын наадмыг улс орондоо дахин зохион байгуулах хүсэлтэй байгааг мягмар гарагт танилцуулсан судалгааны дүн харуулжээ. 


Германы Олимпын спортын холбоо сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Германд зуны Олимпын наадмыг зохион байгуулахаар нэр дэвшүүлэх дөрвөн газрыг цөөлөхийг эрмэлзэж байгаа үед уг санал асуулгыг явуулсан байна.


“Stern” сэтгүүлийн захиалгаар “Forsa” хүрээлэнгээс явуулсан санал асуулгад оролцогчдын 72 хувь нь 2036, 2040 эсвэл 2044 онд Германд зуны Олимп, Паралимпын наадмыг зохион байгуулахыг сайшаан дэмжинэ гэж хариулжээ. Харин 22 хувь нь энэ санааг эсэргүүцсэн бол зургаан хувь нь саналаа илэрхийлээгүй байна.


Германы Олимпын спортын холбоо 2026 оны намар гэхэд нэр дэвшүүлэх дөрвөн газрыг эцэслэн тогтоохоор төлөвлөж байгаа нь Берлин, Хамбург, Мюнхен, Рейн-Рур бүс нутаг юм. Дэмжсэн санал өгсөн германчуудын 39 хувь нь Мюнхенийг, 24 хувь нь Рейн-Рурыг, 15 хувь нь Берлинийг, 11 хувь нь Хамбургийг сонгосон байна. “Forsa” хүрээлэн 10 дугаар сарын 30, 31-нд насанд хүрсэн 1008 хүнээс судалгаа авчээ.


Нэр дэвшигч болон зохион байгуулах оны талаарх шийдвэрийг 2026 оны намар гаргах төлөвтэй байна. Хамбург 2024 оны Олимпын наадмыг зохион байгуулахыг эрмэлзэж байсан боловч 2015 оны бүх нийтийн санал асуулгаар уг төлөвлөгөө дэмжигдээгүй юм. Харин Мюнхений оршин суугчид 2037-2044 оны хооронд Олимпын наадмыг зохион байгуулахыг дэмжиж саналаа өгч байсан бөгөөд Баварийн нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь 10 дугаар сард болсон бүх нийтийн санал асуулгад дэмжсэн санал өгчээ.


Өнгөрсөн онд DPA агентлагийн захиалгаар “YouGov”-ийн хийсэн өөр нэгэн санал асуулгын дүнг үзвэл, Германд Олимп зохион байгуулахыг дэмжих хүн цөөн байсан бөгөөд 48 хувь нь дэмжиж, 32 хувь нь эсэргүүцсэн байна. Герман улс өмнө нь  Олимпын наадмыг хоёр удаа зохион байгуулж байсан юм. 2036 оны наадам нь 1936 оны Берлиний Олимпын 100 жилийн ойтой давхацна. 1936 оны Олимпоос хойш Мюнхенд 1972 оны Олимпын наадам болсон билээ. 

 


関連ニュース