BTS хамтлаг зургаан жилийн дараа цомгоо гаргана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2025-10-27 17:01:21

СӨҮЛ, 2025 оны аравдугаар сарын 27 /RIA Novosti/. Дэлхий даяар алдартай Өмнөд Солонгосын BTS хамтлаг зургаан жил завсарласны эцэст ирэх онд цомгоо гаргаж, дэлхийг тойрон аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа тухай “Bloomberg” агентлаг мэдээлжээ.


“Сүүлийн хэдэн сар BTS хамтлаг шинэ цомгоо “Hybe” компанитай хамтран хийж байна. Зургаан жилийн хугацаан дахь тус хамтлагийн анхны цомог 2026 оны гуравдугаар сарын сүүлээр гарна” гэж тус агентлаг өнөөдөр мэдээлсэн байна. 


Салбарын эх сурвалжуудын мэдээлснээр, шинэ цомгоо гаргасныхаа дараа BTS хамтлаг 2019 оноос хойш анх удаа бүрэн хэмжээний аялан тоглолтоо эхлүүлэх бөгөөд дэлхий даяар 65 тоглолт толилуулахаас 30 гаруйг нь Хойд Америкт тоглох ажээ. 


BTS хамтлагтай хамтран ажилладаг "Big Hit Music" дуу бичлэгийн лейбл "Bloomberg"-т мэдээлэхдээ, аялан тоглолтын товыг одоогоор эцэслэн тохироогүй, хэлэлцээ үргэлжилж байгаа гэжээ.


Өмнөд Солонгосын "BTS" хамтлаг нь хөгжмийн салбарт хамгийн эрэлттэй хамтлагуудын нэг бөгөөд 2013 онд байгуулагдсан цагаасаа дэлхий даяар нэр хүндтэй болсон билээ. Өмнөд Солонгосын "Circle Chart"-ын мэдээлснээр 2024 он хүртэл тус хамтлаг 40 сая орчим бичлэгээ борлуулжээ.


2020 оны 11 дүгээр сарын сүүлээр гаргасан хамгийн сүүлийн бүрэн хэмжээний цомог болох "BE" нь "Billboard 200" чартыг тэргүүлж байсан бол 2020 оны зун болсон онлайн тоглолт нь үзэгчдийн тоогоор Гиннесийн дээд амжилт тогтоож, 100 гаруй орны 765 мянган үзэгчийг татсан юм.


2022 онд BTS хамтлаг урлагийн замналдаа завсарлага авснаа зарлахдаа “эрийн цээнд хүрч, илүү сайн төлөвшсөнийхөө дараа” эргэн ирнэ гэдгээ амласан юм. Тухайн жилд хамтлагийн гишүүд ээлжлэн Өмнөд Солонгосын хоёр жилийн хугацаат цэргийн албыг хааж эхэлсэн. Цэргийн албанд мордсон тус хамтлагийн сүүлчийн гишүүн Мин Юн Ги буюу Suga 2025 оны зургаадугаар сард халагджээ. 


Үүний дараа хамтлагийн бүх долоон гишүүн "Weverse" платформоор шууд нэвтрүүлэг хийж, долоодугаар сараас шинэ цомог дээр ажиллаж эхэлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 



関連ニュース