TikTok-той холбоотой зарлигт гарын үсэг зуржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-26 16:51:46

ВАШИНГТОН, 2025 оны есдүгээр сарын 26 /forbes/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп TikTok нийгмийн сүлжээний хувьцааны хяналтын багцыг АНУ-ын хөрөнгө оруулагчдад шилжүүлэх тухай зарлигт гарын үсэг зуржээ. 


"Би Ши Жиньпинийг ихэд хүндэлдэг, тэрбээр хэлцлийг зөвшөөрснийг ихэд үнэлж байна. Учир нь бүхнийг зохих ёсоор нь хийхийн тулд бидэнд Хятадын дэмжлэг, түүний зөвшөөрөл шаардлагатай байсан" гэж Д.Трамп Цагаан ордонд сэтгүүлчдэд хэлжээ.


Зарлигт дурдсан шинэ урьдчилсан хэлэлцээрийн дагуу “TikTok”-ийг эзэмшдэг Хятадын “ByteDance” болон тус компанийн охин компаниуд уг нийгмийн сүлжээний нийт хувьцааны 20 хүрэхгүй хувийг эзэмшинэ. Харин 80 хувийг Америкийн хөрөнгө оруулагчид эзэмших юм. 


"АНУ-д үйл ажиллагаа явуулж байгаа TikTok аппликейшн нь саяхан байгуулагдсан, АНУ-д төвтэй хамтарсан компанийн удирдлага дор ажиллах болно. Компанийн хяналтын багц хувьцааг АНУ-ын иргэд эзэмших бөгөөд гадаадын ямар нэг өрсөлдөгч байгууллагын хяналтад орохгүй. Учир нь “ByteDance” болон тус компанитай хамаарал бүхий хүмүүс 20-иос бага хувийг, үлдсэн хувийг тодорхой хөрөнгө оруулагчид эзэмшинэ" гэж Цагаан ордноос нийтэлсэн зарлигт дурджээ.


Хэлцэлд оролцогчид нь одоогоор тодорхойгүй байгаа боловч “Oracle” болон уг корпорацыг хамтран  үүсгэн байгуулагч Ларри Эллисон нар "ихээхэн" үүрэг гүйцэтгэх болно гэж  Д.Трамп зарлигт гарын үсэг зурах үеэрээ мэдэгдсэн байна. Америкийн удирдагч хэлэхдээ, “Dell Technologies” компанийг үүсгэн байгуулагч Майкл Делл, хэвлэлийн магнат Руперт Мердок нар мөн хэлцэлд оролцоно гэж нэмж дурдсан байна. 


Пүрэв гарагт гаргасан Ерөнхийлөгчийн зарлиг нь “TikTok”-ийг эзэмшигч компани АНУ дахь салбараа худалдах эсвэл үйл ажиллагаагаа зогсоох хугацааг нэгдүгээр сарын 23 хүртэл сунгажээ.



関連ニュース