ОРХОН: “Аюулгүй амьдрах ухаан” сургалтад 1900 гаруй сурагч болон иргэд хамрагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov.mn
2025-09-17 12:29:46

Баян-Өндөр, 2025 оны есдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газрын хамтын ажиллагааны гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар анги Булган, Орхон аймгийн Онцгой байдлын газар, Боловсролын газартай хамтран “Аюулгүй амьдрах ухаан” сургалтыг зохион байгуулж байна.


Тус сургалтыг 2025 оны есдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулж, сургалтад Булган аймгийн Булган сумын Ерөнхий боловсролын 1, 2, 3 дугаар сургууль, Политехникийн коллеж, Спортын дунд сургуулийн ахлах ангийн сурагчид, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Ерөнхий боловсролын 8 дугаар сургуулийн ахлах ангийн нийт 1900 гаруй сурагч хамрагдлаа.


Танхимын сургалтаар газар хөдлөлтийн үед авах хариу арга хэмжээ, галын аюулгүй байдал, эмнэлгийн анхан шатны тусламжийн онолын мэдлэгийг түгээлээ. 


Мөн биеэр гүйцэтгэх дадлага сургуулилалтаар газар хөдлөлтийн аюулын чичирхийлэл, утаа, өндрөөс аврах ажиллагааны дадлагыг аврах зориулалтын “Мазаалай” хөдөлгөөнт машин, мөн багийн ажиллагаанд суурилсан ус зөөвөрлөх, гал унтраах, саадыг даван туулах, утаажилтын бүсээс аврах ажиллагаа, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх дадлага сургуулилалтыг хийсэн байна. 


“Гамшгийн эрсдэлийн удирдлага” сэдвээр, сургууль, цэцэрлэг, коллежийн захирал, хичээлийн эрхлэгч, багш, Боловсролын газрын бодлого, төлөвлөлтийн мэргэжилтнүүд, нийт 300 гаруй төрийн алба хаагчдад “Ерөнхий боловсролын сургуулийн цогц аюулгүй байдал’’ сэдвээр Гамшгаас хамгаалах сургалтын төв 116 дугаар ангийн захирагч Бригадын генерал Б.Ууганбаяр сургалтыг анх удаагаа хоёр аймагт зохион байгуулж байна.






関連ニュース