Говь-Алтай аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2025-09-11 09:45:49

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Бугат сумын нутагт 8:20 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.


ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн мэдээлснээр газар хөдлөлтийн голомт нь Говь-Алтай аймгийн Бугат сумын төвөөс урд зүгт 51 км, Алтай сумын төвөөс баруун хойд зүгт 74 км, Төгрөг сумын төвөөс баруун урд зүгт 92 км зайд байв. 


Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг бөгөөд гурваас бага магнитудын газар хөдлөлт хүмүүст онцгой мэдрэгддэггүй бол 7-гоос дээш магнитуд хүрэхэд том талбай хамарсан сүйрэл болдог байна.

 

Тодруулбал, 1-3 баллын хүчтэй газар хөдлөхөд барилга доторх хүмүүс чичирхийллийг ялимгүй мэдэрч, тавиур дээрх аяга таваг, сав суулга бага зэрэг хөдөлнө.

 

Газар хөдлөлт 4-5 балл хүрэхэд хүмүүс сандарч, гэрлийн бүрхүүл зэрэг нь мэдэгдэхүйц чичирч, суурь муутай баримал, аяга таваг, сав суулга унах тохиолдол бий. Хүмүүсийн олонх нь айдас мэдэрдэг ажээ.

 

Харин 6-7 балл хүрэх чичирхийлэлд хүн хөл дээрээ зогсоход хэцүү болж, хаалга онгойхгүй, ханын хавтан цуурч, цонхны шил хагарч, гэрийн тавилга, эд юмс байрнаасаа хөдөлж, өнхөрч унадаг аж.

関連ニュース