Беларусийн тагнуулын сүлжээг Чехэд илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-09-09 16:57:11

ПРАГА, 2025 оны есдүгээр сарын 9 /BBC/. Чех, Унгар, Румыны эрх баригчид хамтарсан тусгай ажиллагааны явцад Беларусийн тагнуулын сүлжээг илрүүлэн устгасан тухай Чехийн тагнуулын алба (BIS) мэдээлжээ. Уг сүлжээтэй холбоотой Беларусийн дипломат ажилтныг Чехээс албадан гаргасан гэж мэдэгдэлд дурдсан байна.


Чехийн тусгай албаныхны тогтоосноор, уг тагнуулын сүлжээг Беларусийн КГБ буюу Улсыг аюулаас хамгаалах хороо байгуулсан бөгөөд Европын хэд хэдэн оронд үйл ажиллагаа явуулж байжээ. КГБ-гийн ажилтнууд болон тэдэнтэй холбоотой хүмүүсийг Европын тагнуулын байгууллагуудын хамтарсан ажиллагааны явцад илрүүлсэн бөгөөд тэдний дунд Молдова улсын SIS тагнуулын байгууллагын орлогч дарга асан байжээ.


Молдовагийн иргэн болох уг хүн (нэрийг нь дурдаагүй) 2024 оноос хойш КГБ-д нууц мэдээлэл дамжуулж, үүнийхээ төлөө шагнал авсан хэрэгт буруутгагдаж байгаа гэж Чехийн тагнуулын байгууллагын төлөөлөгч Ладислав Стичи хэлжээ. 


Түүнийг даваа гарагт Румыньд баривчилсан гэж тусгай ажиллагааг зохион байгуулсан Европын Холбооны эрүүгийн эрх зүйн хамтын ажиллагааны агентлаг мэдээлсэн байна. 


AFP агентлагт өгсөн тайлбартаа Л.Стич хэлэхдээ, албадан гаргасан Беларусийн дипломатч болон баривчлагдсан Молдовагийн иргэн шууд хамтран ажиллаагүй гэжээ.


Сэжигтэн болох Молдовагийн иргэн 2024, 2025 онд Будапештэд КГБ-гийн ажилтнуудтай хоёр удаа уулзсан гэж хэргийн материалд дурдсан байна. 


Тусгай ажиллагаанд оролцсон Европын тусгай албаны төлөөлөгчдийн үзэж байгаагаар, Беларусийн тал Европын орнуудад чөлөөтэй зорчих боломжийг ашиглан Европын Холбооны орнуудад тагнуулын сүлжээ байгуулжээ.



関連ニュース