СҮХБААТАР: Хот хоорондын зам засварыг энэ сарын 10-нд дуусгахаар төлөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-09-06 13:12:15

Баруун-Урт, 2025 оны есдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Баруун-Урт-Улаанбаатар чиглэлийн А2001 авто замын засварын ажил үргэлжилж байна. Ашиглалтад ороод арав гаруй жил болсон тус замд сүүлийн үед эвдрэл маш ихээр гарах болсон нь олон хүчин зүйлээс хамаардаг. Жил ирэх тусам засаж нөхөх хэсгүүд олширч, энэ жил гэхэд л тус замын 7000 орчим м.кв-д засвар хийх юм.

 

Авто зам засвар, арчлалтын нэгтгэл ТӨХК-ийн Сүхбаатар аймаг дахь салбар /хуучнаар Талын зам компани/ Баруун-Урт -Улаанбаатар чиглэлийн А2001 чиглэлийн 161,9 км замыг хариуцдаг.

 

Тус салбарынхан одоогоор 50 хэсэг газрын 931 м.кв замд нөхөөс, мөн зургаан хэсэг буюу 3964 м.кв замд засвар, хучилт хийсэн байна. Одоо нэмэлтээр Мөнххаан сумаас хойш 2000 орчим м.кв замын хэсэгт засвар хийж байна.

 

Энэ жилийн зам засварт 1 тэрбум 6 сая төгрөг төсөвлөсөн. Компани улсын хэмжээнд нэгтгэл болсноор бид бүх түүхий эдээ харьяа байгууллагаас авах гэрээтэй болсон. Өөрөөр хэлбэл хучилтын асфальтаа гэхэд Хэнтий аймгаас татаж байна. Захиалга хүлээгдэх, 200 км-ийн цаанаас зөөх явцад технологийн горим алдагдах зэргээр хүндрэлүүд гарч байгаа ч манай хамт олон зам засварын ажлыг есдүгээр сарын 10 гэхэд бүрэн дуусгахаар ажиллаж байна гэж салбарын менежер Э.Бат-Оргил ярилаа.


 

Харин замын эвдрэл нь хүнд даацын машинууд тогтмол зорчдог. Үүнд тавих ямар ч хяналт байхгүй байгаа нь зам засварын ажлыг үр дүнгүй болгох гол шалтгаан болж буйг тэрбээр мөн хэллээ. Тиймээс замын хяналтын пүүтэй болох нэн шаардлагатай. Ингэснээр зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгслийн зөрчлийг илрүүлж хариуцлага тооцдог тогтолцоотой болох боломжтой гэв.

 

関連ニュース