А.Соболенко гурав дахь удаагаа дараалан финалд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-05 09:54:33

НЬЮ-ЙОРК, 2025 оны есдүгээр сарын 5. /ТАСС/. Дэлхийн чансааг тэргүүлж буй Беларусын теннисчин Арина Соболенко Нью-Йоркт болж буй АНУ-ын аварга шалгаруулах US Open тэмцээний хагас шигшээ тоглолтод Америкийн Жессика Пегулаг хожсоноор аваргын төлөө тоглохоор шалгарч үлдлээ.


Тоглолт 4:6, 6:3, 6:4 харьцаагаар дууссан бөгөөд Соболенко финалд АНУ-ын Аманда Анисимова, Японы Наоми Осака хоёрын хожсонтой нь тоглоно.


Ингэснээр Соболенко тус тэмцээний шийдвэрлэх тоглолтод гурав дахь удаагаа дараалан шалгарч байна. Тэрбээр 2023 оны финалд Америкийн Коко Гауффт хожигдсон бол жилийн дараа Пегулаг ялснаар аваргалжээ. АНУ-ын Нээлттэй тэмцээнд алдарт Серена Уильямс 2012-2014 онуудад дараалан финалд шалгарч байснаас хойш анх удаагаа Соболенко түүний амжилтыг давтлаа.  


Өдгөө 27 настай Соболенко Эмэгтэй теннисчдийн холбооны /WTA/ чансааг тэргүүлж байгаа юм. Тэрбээр тус холбооны ивээл дор болдог тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 20 удаа түрүүлснээс Их дуулгад 3 удаа, US Open тэмцээнээс гадна Австралийн Нээлттэй тэмцээнд хоёр удаа тус тус аваргалжээ.


Өдгөө 31 настай Ж.Пегула дэлхийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж байгаа бөгөөд WTA-гийн тэмцээнүүдийн ганцаарчилсан төрөлд 9 удаа түрүүлсэн байна. 2024 онд US Open-ы финалд үлдсэн нь Их дуулгын тэмцээнүүдэд гаргасан хамгийн өндөр амжилт юм.


US Open бол Их дуулгын улирлын хамгийн сүүлчийн 4 дэх тэмцээн юм. Хатуу хучилттай талбайд болдог тус тэмцээн ням гарагт өндөрлөх бөгөөд шагналын сан нь теннисний спортод хамгийн өндөр буюу 90 сая доллар ажээ. 

関連ニュース