ХОВД: Сийлбэртэй ган дөрөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2025-09-04 10:19:55

Жаргалант, 2025 оны есдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн музейд одоогийн байдлаар 3000 гаруй ховор үзмэр хадгалж байна. Үүний нэг бол сийлбэртэй ган дөрөө юм.


Тус дөрөө нь найман тал бүхий хэлбэртэй. Тавгийг нь үүлэн хээ цоолж сийлбэрлэжээ. Мөн сэнжний хоёр талд угалз хээ цохиж сийлсэн байна.


Жин нь 3300 гр бол өндөр нь 14.5 см юм. Харин суурийн өндөр 10 см,  урт 11 см. Уг сийлбэртэй ган дөрөө нь Ховд аймгийн Манхан сумын иргэн Н.Бээжинхүүгээс үе дамжин иржээ.


Ховд аймгийн музейн сан хөмрөгт 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Үзмэр худалдан авах, үнэ тогтоох комиссын шийдвэрээр 550 төгрөгөөр худалдан авсан ба эдүгээ хүртэл олон нийтийн хүртээл болгох замаар хадгалж буй.   


Монголчууд мал маллахдаа унах, ачих, хөллөх, ашиг шимийг боловсруулахын тулд олон төрлийн тоног хэрэгсэл хийж ирсэн. Монголчуудын түүхийг морьгүй, тэр дундаа  морины тоног хэрэгсэл болон дөрөөгүйгээр төсөөлөх аргагүй юм.


関連ニュース