ДОРНОГОВЬ: "Нүүдэлчин" фестивалийн шилдэг өвлөн уламжлагчаар ахмад настан Н.Лантуу, Д.Алтангэрэл нар шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-09-02 12:33:04

Сайншанд, 2025 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Энэ оны наймдугаар сарын 22-24-нд Налайх дүүргийн Тайж хайрхан уулын бэлд болсон Монгол Улсын соёлын биет бус өвийн олон төрөл зүйл, угсаатны бүлгийн онцлогийг таниулан сурталчлах, сэргээн хөгжүүлэх зорилготой “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд Дорноговь аймгийн 59 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлчид оролцлоо.


Соёлын биет бус өвийн долоон ай савд 50 өвлөн уламжлагч оролцсоноос “Нүүдэлчин дэлхийн соёлын фестивалийн шүүгчдийн үнэлгээгээр “Байгаль сав шим ертөнцийн тухай мэдлэг зан үйл” ай савын шилдэг өвлөн уламжлагчаар Дэлгэрэх сумын ахмад настан Д.Алтангэрэл, хамгийн өндөр настай шилдэг өвлөн уламжлагчаар МУГЖ Н.Лантуу нар шалгарчээ.


Нутгийн олон түмэндээ “Одь маарамба” хэмээн алдаршсан Дамдинжавын Дорж бол Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын уугуул бөгөөд Монголын уламжлалт анагаах ухаан, тэжээхүйн ухааны томоохон төлөөлөгчийн нэг, алдартай оточ эмч байсан  юм.


Түүний охин Доржийн Алтангэрэл өвгөдөөс уламжилж ирсэн анагаах ухаан, эмийн хэрэглээ хийгээд эм танг уламжлалт монгол аргаар хийж, үүнийг хэрхэн хэрэглэх талаар өвлөн уламжилж иржээ.Тэднийд хүний биеийг илааршуулах үйлчилгээтэй дотрын, уушгины, хаван хөөх, бөөр, дотор эрхтнийг эмчлэх олон төрлийн эм эдүгээ үнэт өв болон хадгалагдаж байна.




Харин МУГЖ Н.Лантуу гуай нүүдэлчдийн бүтээж буй болгосон ёс, өв уламжлал, зан заншил, соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээж байгаа ахмад өвлөн уламжлагч, хөгжимчин, уртын дуучин юм. Тус фестивальд оролцсон Дорноговийн соёл урлагийн ажилтнуудын урлагийн тоглолтын ерөнхий найруулагчаар МУСТА Б.Баттөмөр ажиллажээ.


Урлаг, соёлын тоглолтын ерөнхий агуулга нь ноён хутагт Д.Данзанравжаагийн бүтээл туурвил, нутгийн ардын язгуур урлаг уртын дууг лимбэ хөгжмийн битүү амьсгаагаар хөгжимдөх болон төрийн өргөмжлөлт ерөөлч, магтаалч Зундуйн Чулуунбаатар агсны магтаал, ингэний хоормог исгэх уламжлалт арга ухаан, говийн уламжлалт анагаах ухаан, тэнгэр эрхэс шинжих мэдлэг зан үйлийг харуулахыг зорьсон бөгөөд дээрх соёлын өвийг гурав хоногийн турш хурсан олонд сурталчилсан байна.

関連ニュース