Олон түвшний уулзвар барих ТЭЗҮ-ийг боловсруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-27 09:26:38

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд нийслэлийн 18 байршилд олон түвшний уулзвар барина.


Үүнд, Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль /МИС/, Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар, Гадаад харилцааны яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг замын хөдөлгөөний ачаалал ихтэй байршилд 9 км урт авто зам, 4.5 км урт нүхэн гарц, гүүрэн байгууламж шинээр барих юм. Төслийг хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэнэ.


Эхний ээлжид "Монос", МИС-ийн уулзвар, Энхтайваны гүүрний баруун, зүүн урд уулзвар, Офицерын тойрог, 32-ын тойрогт бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөжээ. Одоогоор "Монос", МИС-ийн уулзварын нарийвчилсан зураг төслийг боловсруулж, бусад уулзварын техник, эдийн засгийн үндэслэлийг гаргаж байгаа аж. 


Олон түвшний уулзвар нь Улаанбаатар хотын төвийн бүсийн авто замын ачааллыг багасгаж, замын хөдөлгөөний үр ашгийг дээшлүүлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, иргэдийн цаг хугацааг хэмнэх, орчин үеийн стандарт бүхий авто замын сүлжээг хөгжүүлэхэд ач холбогдолтой.

関連ニュース