Буудлагын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Казахстан Улсыг зорив
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Буудлагын спортын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид Казакстан Улсыг зорилоо.
Буудлага спортын насанд хүрэгчид, өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Казахстан улсын Шимкет хотод наймдугаар сарын 15-30-нд болно. Манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Ганхуяг, Д.Оюун, дасгалжуулагч Ц.Мөнхзул, Э.Юмжирмаа, Г.Ганхуяг, О.Төгөлдөр нарын удирдлага дор гурван насны ангилалд нийт 25 тамирчин оролцоно. Тодруулбал, насанд хүрэгчдийн ангилалд 13 тамирчин цэц сорих ба урт бууны дасгалд Н.Баяраа, Э.Сайнхүү, Б.Эрхэмбаяр, Г.Нандинзаяа, О.Есүгэн, Т.Золжаргал, Т.Гантуул, Т.Баярмаа, А.Буяндэлгэр нар өрсөлдөх бол гар бууны дасгалд Э.Даваахүү, Ш.Буянзаяа, Э.Бадамгарав, Т.Баярцэцэг нар өрсөлдөх юм. Мөн өсвөр үеийнхний ангилалд 11, залуучуудад нэг тамирчин оролцох аж.
Монголын
буудлага спортын Ази тивийн анхны медалийг 1987 онд гавьяат дасгалжуулагч
Л.Ундралбат сонгомол гар бууны 50 метрийн дасгалд (хүрэл медаль) хүртэж байв.
Түүний хувьд Ази тивээс хүрэл медаль хүртсэнээр зуны олимпын наадамд буудлага
спортын төрлөөр оролцох эрхийг албан ёсоор авсан анхны тамирчин болсон билээ.
Харин буудлага спортын багийн төрөлд Ази тивийн анхны медалийг 1987 онд
Л.Ундралбат, Т.Мягмаржав, Г.Баасанцэрэн нар хүртэж байсан бол Ази тивийн анхны
алтан медальтан нь Д.Мөнхбаяр (1991 он) юм.