ЗАВХАН: Тахийн тал нутгийн тэмээний ноосыг үнэд хүргэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-07-31 10:58:20

Улиастай, 2025 оны долоодугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Дөрвөлжин сумын Хомын талын байгалийн цогцолбор газрын нутгийн малчид торомны ноосон бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргаж байна.


Дөрвөлжин сум нь 2587 тэмээ тоолуулж аймагтаа тэмээн сүргээрээ тэргүүлсэн байна. Ялангуяа тахийн сүргийг өсгөн үржүүлж байгаа Хомын талын Онц, Тавантолгой багууд нь тэмээн сүргийн тоогоороо сумандаа тэргүүлдэг.


Тиймээс тахийг сэргээн нутагшуулах, хамгаалахад чиглэсэн үйл ажиллагааг явуулдаг “Хомын талын тахь” ТББ нь орон нутгийнхаа иргэдийн амьжиргааг дэмжих, хөгжлийн ажлыг давхар хийдэг. Олон улсын байгууллага, хувь хүмүүсийн санхүүгийн дэмжлэгээр нутгийн иргэдэд сүү цагаан идээгээ боловсруулах, борлуулахад дэмжлэг үзүүлдэг. Мөн уугуул иргэд, малчдад эсгий бүтээгдэхүүн хийх, гар урлалд сургах, нүүдлийн номын сан аялуулах, нөхөрлөл хоршоо байгуулж, хөдөлмөрийн бүтээмжийг сайжруулах, аялал жуулчлал эрхлэх гээд маш олон төрлийн сургалтыг тогтмол, уламжлал болгож хийдэг юм.


Үүний нэг нь Дөрвөлжин сумын торомны ноосыг боловсруулан, “Хомын тал” нэртэй брэнд бүтээгдэхүүнийг Франц улсад үйлдвэрлэж, малчдын хийсэн эсгий бүтээгдэхүүнүүдийг экспортод гаргаж байна.


Хомын талын торомны ноосыг Францын нэг үйлдвэрт тогтмол нийлүүлдэг. Бран дэ Вьян-Тиран компани Хомын талын тогтвортой хөгжлийг дэмжиж, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор тэмээтэй айл өрхүүдээс торомны ноос худалдан авах ажлыг Францын Тахь хамгаалах холбоотой хамтран хийж байна.  


Тэд торомны ноосны ширхгийн чанарыг бууруулахгүй байлгахад онцгойлон анхаарч тогтмол судалгаа шинжилгээ явуулдаг байна. Хомын талын торомны ноос нь тус компанийн ашигладаг хамгийн нарийн ширхэгтэй ноосны төрөлд багтдаг.

Тиймээс тус ноосыг ашиглаж, “Хомын тал” хэмээх цоо шинэ брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Европын зах зээлд нийлүүлжээ. “Хомын тал” нэртэй брэнд алчуур үйлдвэрлэж Францад нэг бүрийг нь 410-610 еврогоор борлуулж байна.


Францын Иль сюр ла Сорг-оос гаралтай Бран дэ Вьян-Тиран нь найм дахь үедээ ноос ноолуураар тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй 200 гаруй жилийн түүхтэй үйлдвэрлэгч юм. Тэмээ, алпака гөрөөс, лам гөрөөс зэрэг амьтны ховор нандин ноос ноолуурыг дэлхийн өнцөг булан бүрээс хайж, худалдан аваад эцсийн бүтээгдэхүүн болгодог уламжлалтай. Эдүгээ Бран дэ Вьян-Тиран компанийг аав хүү хоёр Пьер, Жан-Луи Бран нар удирдаж байна.


Компани нь үйлдвэрлэсэн ноолуур, бүтээлэг, хувцас зэрэг бүтээгдэхүүнээ дэлхийн 20 гаруй улс оронд экспортлон худалдаалдаг”. Нэг хэсэг ямар ч үнэ цэнэгүй хаягдал болж байсан тэмээний ноос үнэд орж малчдын сэтгэлгээнд ямааны оронд тэмээ өсгөж, үржүүлэх нь дээр юм байна гэсэн сонирхол бий болгох зорилгоор үүнийг хийж байна хэмээн "Хомын талын тахь" ТББ-аас мэдээлэв. 

Тахийн тал нутгийн малчдын тэмээний ноосоор хийж буй бүтээгдэхүүнүүд


Малчин эмэгтэйчүүд 11 дэх жилдээ тэмээний ноосоор хийсэн бүтээгдэхүүнээ борлуулж байна


“Хомын тал” нэртэй брэнд алчуур үйлдвэрлэж Францад нэг бүрийг нь 410-610 еврогоор борлуулж байна.


関連ニュース