ЗАВХАН: Мэндлэх, хүндлэх, зочлох ёсыг таниулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Завхан аймагт "Соёлын орон зай бидний орчин" аяны хүрээнд мэндлэх, зочлох ёсыг таниулж байна.
Монгол Улсын Ерөнхий сайдын 04 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлэх хүрээнд "Соёл түгээе" уриан дор "Соёлын орон зай-бидний орчин" бүтээлч аяныг 10 дугаар сарын 3-наас 11 дүгээр сарын 3-ны хооронд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Энэхүү аянд Завханы албан байгууллага, аж ахуйн нэгж иргэд идэвхтэй оролцож байгаагийн нэг жишээ нь мэндлэх зочлох ёсыг таниулж буй үйл ажиллагаа юм. Монголчууд бид аж төрөх, айл гэрийн ёсны баялаг уламжлалтай.
Мэндлэн хүндлэх, зочлох ёсон, хүүхдийн нэр өгөх, хүүхдийн угаалгын зан үйл, хүүхдийн даахь үргээх, удам залгуулах ухаан, найрын дэг ёс, шинэ гэрийн найр, хуримлах, насны ой тэмдэглэх зан үйлийн гайхамшигтай ёс дэгтэй ард түмэн юм.
Орчин үед дээрх биет бус соёлын өвүүд алдагдах, мартагдах нь олонтаа болж, уламжлалт зан үйлүүдийг гажуудуулах тохиолдол гарах болсон. Тиймээс соёлын орон зай, орчныг бүрдүүлэх соёлын үнэт зүйлсиийг түгээн дэлгэрүүлэх, соёлын харилцаа, нийгэмд эерэг нөлөө үзүүлэх зорилгоор монголчуудын мэндлэн хүндлэх ёсыг албан байгууллагууд дээр таниулж байна. Энэ удаад аймгийн ЗДТГ-ын ажилтнууд албан хаагчдад мэндлэх ёсыг таниулж, нэг өдрийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Ажилтнууд ажлынхаа үүдээр орж ирээд "Өглөөний мэнд, сайхан амарсан уу" гэхчлэн мэндийн үгээр мэндэлж,
монголчуудын хүндэтгэлийн амар мэнд, золгох ёсыг танин мэдлээ.
Ер нь уламжлалт ёсонд насаар дүү хүн буюу гаднаас ирж буй зочин хүн
эхэлж мэнд амар айлтгадаг. Хэрэв шинэ жил гарсаар уулзаагүй бол золгодог ажээ.
Дүү хүн ахмад хүнийхээ тохойг дороос нь хоёр гардан хүндлэн золгодог.
Та сайн байна уу? гэж дүү хүн ахмад хүнтэй мэндэлдэг. Нэг хэсэг уулзаагүй бол Та амархан сайн байна уу? Та амар амгалан байна уу? гэдэг. Хариуд нь: -Сайн байна аа. Та амархан сайн байна уу? -Сайн байна аа. Таны лагшин тунгалаг байна уу? -Сайн байна. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байна. Таны ажил алба бүтэмжтэй сайн байна уу? гэдэг.
Хэрэв хоёр хүн өдөр нь уулздаг бол өглөө нь: -Тавтай нойрсов
уу? -Тавтай унтлаа. Сонин сайхан юу байна? -Тайван сайхан байна гэдэг. Орой бол
-Тавтай нойрсогтун. Та тавтай сайхан амрагтун. -Баярлалаа. Та тавтай нойрсогтун
гэнэ.
Монголчууд дүү нь ахмад хүнийхээ амар мэндийг эхэлж асуудаг
юм. Эрдэмтэн мэргэд, эзэн дээдэс, баатар цолтныг эгэл хүн эхлээд энх амгаланг
нь эрдэг ёстой. Олон түмэн мэндэлж золгохдоо насны эрэмбээр нь мэндэлж золгодог
учиртай юм. Өнөөдрийн байдлаар манай байгууллагаас соёл түгээх нэгдүгээр 7
хоногт нөлөөллийн 5 үйл ажиллагааг зохион байгууллаа хэмээн Завхан аймгийн музейгээс мэдээлэв.
Сонирхуулахад, “Соёл түгээе” уриа дор зохион байгуулж буй “Соёлын орон зай – Бидний орчин” бүтээлч аяны хүрээнд улс орон даяар нийт 649 үйл ажиллагаа зохион байгуулж 47800 гаруй иргэн, үзэгч, оролцогч хамрагдсан байна.
Завхан аймгийн ЗДТГ-ын ажилтнууд мэндлэх, зочлох, хүндлэх ёсыг таниулах үйл ажиллагаанд нэгдлээ