Монгол Улсаас Тажикистан Улс руу нийт 136 мянган ам.долларын экспорт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
boloroo8136 @gmail.com
2025-07-25 10:55:00

Душанбе, 2025 оны долоодугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсын хийж буй төрийн айлчлалын хүрээнд “Тажикистан-Монголын бизнес форум” зохион байгуулав.


Форумыг нээж Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайхан, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Тэргүүн Шадар Сайд Хоким Холикзода нар нээж үг хэллээ.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, Ерөнхийлөгчийн Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан нар “Хүнсний хувьсгал” болон “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааны талаар илтгэл танилцуулав.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, "Тажикистан-Монголын бизнес форумыг хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдэд шинэ түнштэй холбоо тогтоох, зах зээлээ тэлэх, гэрээ хэлэлцээр хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор төрийн дээд хэмжээний айлчлалын хүрээнд зохион байгуулж буйгаараа онцлогтой. Тажикстан улс нь дотоодын түүхий эд нөөц боломжоо ашиглан усан цахилгаан станцаар дотоодын эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийн дийлэнх хувийг бүрдүүлдэг. Монгол Улс усан цахилгаан станц болон Сэргээгдэх эрчим ба тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх чиглэлээр мега хөгжлийн төслүүдийг гадаадын хөрөнгө оруулалт, төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэлээ. 

 

Монгол Улс, Тажикистан Улс хооронд 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 207.0 мянган ам.долларын худалдаа хийсэн байна. Монгол Улсаас Тажикистан улс руу нийт 136.0 мянган ам.долларын экспорт хийснээс 132.0 мянган ам.долларын үнийн дүн бүхий хонь, ямааны мах экспортолсон бол, 71.0 мянган ам.долларын хүнсний бараа бүтээгдэхүүн болон тун хэлбэрт савласан эмийг Тажикистан Улсаас импортолсон байна.


Тажикистан улсын улсын хөдөө аж ахуйн салбар нь эдийн засгийн тулгуур болж эрчимтэй өсч байгаа юм.

Тажикистан Улсын эдийн засаг нь төрийн өмчит аж ахуйн нэгжид голчлон түшиглэдэг бөгөөд бүртгэлтэй 1000 орчим төрийн өмчит аж ахуйн нэгжээс 600 гаруй аж ахуйн нэгжийн дийлэнх хувьцааг тус улсын Засгийн газар эзэмшиж байна. 


Тус улсын уул уурхай, эрчим хүч, харилцаа холбоо зэрэг чухал салбарууд төрийн мэдэлд байгаа бөгөөд хамгийн том 10 төрийн өмчит компани нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн нийт хөрөнгийн 97 хувийг эзэлж байна.

Мөн даавуу, хувцас үйлдвэрлэлийн салбар өргөжин, дотоодын хэрэглээ болон экспортын бүтээгдэхүүний төрөл нэмэгджээ.


Бизнес форумд хоёр улсын 150 гаруй бизнес эрхлэгч оролцож үеэр хоёр талын Худалдаа Аж Үйлдвэрийн танхим болон бизнес эрхлэгчид санамж бичиг байгуулан гарын үсэг зурж, хамтын ажиллагааг эхлүүллээ.




関連ニュース