Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууц хамгийн их буюу 5.36 сая төгрөгийн үнэтэй байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн үнэ 2025 оны 6 дугаар сард нийслэлийн Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.36 сая төгрөгийн үнэтэй байна.
Шинэ орон сууцны дундаж үнэ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 1320.1 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн их, Сонгинохайрхан дүүрэгт 190.8 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үзүүлэлт болж байна.
Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн үнэ Чингэлтэй дүүрэгт хамгийн их 5.49 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ 2024 оны мөн үеийнхтэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 1021.1 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн их, Сонгинохайрхан дүүрэгт 362.9 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн бага үзүүлэлт юм.
Шинэ орон сууцны үнэ 2024 оны мөн үеийнхээс 13.1 хувиар, хуучин орон сууцны үнэ 16.4 хувиар өсжээ.