Европын Сэргээн босголт, хөгжлийн банк хөрөнгө оруулалтаа нэмнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Европын Сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан захирал Хусейн Өзхан тэргүүтэй төлөөлөгчдийг Төрийн ордонд хүлээн авч уулзав.
Талууд
уулзалтаар Засгийн газрын тэргүүлэх чиглэлийн хүрээнд хамтын ажиллагаагаа
өргөжүүлэх чиглэлээр санал солилцов. Энэ үеэр ЕСБХБ-аас томоохон төслүүдэд оруулах
хөрөнгө оруулалтаа нэмж, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлнэ гэдгээ онцлон
тэмдэглэв.
Ноён
Хусейн Өзхан хэлэхдээ, “Манай банк засаглал, бизнесийн орчныг сайжруулах, бүс нутгийн
интеграцчлалыг бэхжүүлэх, ногоон, уур амьсгалд тэсвэртэй эдийн засгийг дэмжих
чиглэлд хамтран ажиллаж байна. Эдгээр нь засгийн газрын бодлоготой нягт уялдаж
байгаад таатай байна. Цаашид сэргээгдэх эрчим хүч, бизнесийн хөрөнгө оруулалт,
гадаад худалдаа, экспорт, төр, хувийн хэвшлийн түншлэл, шинжлэх ухаан,
технологи, инновацыг дэмжих чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой”
гэсэн юм.
ЕСБХБ нь манай улсад 2007 оноос хойш нийт 2.5 тэрбум ам.долларын санхүүжилтийг Засгийн газар болон хувийн хэвшлийн 151 төсөлд зээл болон хөрөнгө оруулалтын хэлбэрээр олгосны 93 хувь нь хувийн хэвшилд чиглэж, эдийн засгийн өсөлт, ажлын байр бий болгоход чухал хувь нэмэр оруулсаар байна.