ЗАВХАН: “12 жил” дууг найр хурим дээр түлхүү дуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025
оны зургаадугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд нийт 532 өвлөн уламжлагч
бүртгэлтэйгээс 403 нь соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд байна.
Эдгээрийн 40 орчим хувь нь ардын авьяастнууд юм.
Ардын авьяастнууд зан үйлийн зориулалттай дуунуудаас гадна шашны холбогдолтой дуунуудыг өвлөн уламжилж одоо ч дуулсаар байна.
Завханд монгол ардын
уртын дууны төрөл зүйл илүү онцлог талтай байдаг. Зан үйлийн зориулалттай
дуунууд нь 13 ай зан буюу бөө мөргөлийн, 33 үй зэн буюу шашны, Тэлмэн нуур,
Идэрийн гол дагуу илүү тархсан гүр дуу юм.
Ай зан, үй зэн дуунууд нь Сар хайрхан буюу Сартуул тал руугаа илүү тархсан байдаг. Одоогийн Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Эрдэнэхайрхан сумын өвлөн уламжлагчид ай зан, үй зэн дуунуудыг ихэвчлэн дуулдаг байсан.
Сүүлийн үед шашин шүтлэгийн дуу болох ай зан, үй зэн дуунууд мартагдаж Сартуул, Бэсүүд тийшээ байгалийн холбогдолтой дуунуудыг, Цагаанхайрхан, Цагаанчулуут сум, “12 жил” дууг найр хурим дээр түлхүү дуулж байна.
"12 жил" дуу нь найрын эхэнд дуулдаг. Ямар нэгэн хорио цээргүй дуу юм. Хүн, байгалийн нарийн хүйн холбоо, орчлон ертөнцийн учир утгыг, сансар ертөнцийн мөнхийн тогтолцоог 12 бодгал болгон хамгийн энгийн үгээр магтан дуулдаг дуу юм. Монгол малчид амнаас ам дамжин дуулсаар өдгөө энэ үед ирсэн эртний дуу юм. Хүүхэд багачуудад энгийн ойлгогдохуйц үг, ая дангаар магтаал болгож ч дуулдаг. Энэ дуу нь агуулга талаасаа магтаал дуу, суман буюу жирийн уртын дуу юм.
Цар хүрээ нэлээн өргөнтэй, уран гоё нугалаа, цохилготой, дан шуранхайтай, ихэнхдээ шуранхайгүй, чөлөөт зохиомжтой, уужим тавиун аялгуу бүхий дууг суман буюу жирийн уртын дуу гэнэ.
Шинэ төрсөн хүүхэд ой хүрэх, даахь үргээх, шинэ гэр
барих, хурим хийх, насны ой тэмдэглэх, засал дом хийх, даллага хуурайлга авах,
цагаан сар зэрэг жирийн иргэний болон нийтийн баяр ёслол дээр уртын дуугаар
мялаан эхлүүлж жирийн уртын дууг дуулуулдаг. Суман уртын дуу нь сэдвийн хувьд
маш өргөн, хорвоо ертөнцийн өөрчлөлт, хүн байгаль, амьтан, хүний харьцаа
холбоо, өдөр тутмын жирийн амьдралын тухай бүхий л талыг хамарсан, олонхоороо
дуулж болох тул бусад төрлөөс илүү хадгалагдан үлджээ.
Монгол ардын уртын
дуу “Энх мэндийн баяр”, Отгонтэнгэр уулын тахилгын дуу болох “Оройн чимэг”,
Өвөр хотгойдын “Цэвэр сайхан хээр” зэрэг урт, богинын дуу, үндэсний хөгжим,
“Чингис хааны магтаал”, Идэрийн голын халхчуудын хуримын ерөөл зэрэг аман өв,
язгуур урлагийн олон төрөл зүйлийг гол төлөв төв халхын нутаг нутгийн намба
төрх, онцлогоор уламжлан дуулж залуу хойч үедээ өвлүүлж байна.
Тухайлбал, “Оройн
чимэг” 33 бадаг уртын дууг Отгонтэнгэрийн нутагт оршин амьдардаг уугуул,
суугуул 8000 орчим иргэн энэхүү уртын дууг бэлгэшээн дуулсаар, өвлүүлэн
түгээсээр амнаас ам дамжин уянгалуулсаар явна. Нийт 532 өвлөн уламжлагч
бүртгэлтэйгээс 403 нь соёлын биет бус өвийн төлөөллийн үндэсний бүртгэлд, 29 нь
яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн бүртгэлд бүртгэлтэй
байдаг байна.