“Чех фестиваль-2025” боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-06-07 19:31:30

 Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 7 /МОНЦАМЭ/. “Чех фестиваль-2025” Улаанбаатар хот дахь БНЧУ-ын ЭСЯ-ны гадна талбайд өнөөдөр боллоо.


Энэ үеэр өдрийн туршид соёлын хөтөлбөр, урлагийн тоглолт толилуулснаас гадна  Чех-Монгол бизнесүүдийн танилцуулга, худалдаа үйлчилгээ, их дээд сургуульд суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах боломжууд, дэлхийд шар айргаараа алдартай Чехийн пиво амтлах, зайдас, бусад амттанг амтлах, хүүхдийн тоглоомын талбайд хүүхдүүдээ тоглуулах, хүүхэлдэйн театрын тоглолт үзэх, спортын тэмцээн уралдаанд оролцох гэх мэт олон сонирхолтой хөтөлбөр зэрэг Чех улсыг мэдрэх ховор боломжийг олгожээ.


Энэхүү фестивальд ЭСЯ-ныхаас гадна Монгол улсын 20 орчим аж ахуйн нэгж оролцов. Энэ үеэр Макс группийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд Чех улсын бараа  бүтээгдэхүүн импортолж монголын ард түмэнд хүргээд 33 жил болсон гэдгийг тодотгосон юм. 

Монгол Улс 1950  оны 4-р сарын 25-нд Чехсловак улстай дипломат харилцаа тогтоожээ. Энэ онд хоёр улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна. Харин  1956 онд Улаанбаатар, Праг хотноо  ЭСЯ-даа харилцан нээсэн түүхтэй.


Чех фестивалийг энэ жил хоёр дахь удаагаа зохион байгуулав.

 


関連ニュース