УВС: Алтан элс нь Монголын хамгийн их талбайг эзэлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-05-27 12:22:28

Улаангом, 2025 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэлийн элсний зүүн хэсгийг Алтан элс гэдэг бөгөөд талбай нь 177.5 мянган га юм.


Алтан элс нь Увс аймгийн Тэс, Зүүнговь, Баруунтуруун болон Завхан аймгийн Тэс сумын нутаг дэвсгэрийг хамардаг, дэлхийн бөмбөрцгийн хамгийн хойд зах руу түрж орсон элс гэдгээрээ онцлогтой. Мөн Монгол Улсын хамгийн их талбайг эзэлдэг элс бөгөөд нийт 4000 хавтгай дөрвөлжин километр талбайтай. Агаарын замаар 185 км, машинаар 200 гаруй км урт, хамгийн өргөн хэсэгтээ 50 орчим км өргөн, ОХУ-ын Тува улсын нутагт зарим хэсэг нь үргэлжилдэг байна.


Бөөрөг дэлийн элсийг Их монгол элснээс Ханхөхий нуруу тусгаарлаж дунд нь оршдог онцлогтой. Элсний өндөр нь 70-80 метр байдаг бөгөөд далайн түвшнээс дээш дунджаар 1000 метрт оршдог.


Бөөрөг дэлийн элсний зүүн жигүүрт Увс аймгийн Баруунтуруун сумын нутагт Дөрөө нуур бий. Монгол, Оросын хилийн заагт орших энэ нуурыг түшиглэн загасчлах болон хил дамнасан аяллыг хөгжүүлэх боломжтой. Мөн Бөөрөг дэлийн элсний хойд хэсэгт цэнгэг уст Баян нуур оршдог. Урт нь 11.5 км, өргөн нь 3.9 км, талбай нь 27.8 хавтгай дөрвөлжин км талбайтай.  Баян нуурын усан хоолойд усан спорт хөгжүүлэх, аялал жуулчлалын бааз байгуулах боломжтой байна.


Увс нуурын ай сав нь Төв Азийн говь, цөлийн тархалтын хойд хил болж цөлийн гандуу хуурай орчин нуур, устай зэрэгцэн оршиж экологийн өвөрмөц орчныг бүрдүүлдэг маш өвөрмөц байгаль-газарзүйн гайхам сонин иж бүрдэл бүхий газар юм. Энэхүү ландшафтын өвөрмөц орчныг хамгаалах зорилгоор Увс нуур, Түргэн уул, Цагаан Шувуут, Торхилог-Тэсийн голын адаг, Алтан элс гэсэн экологийн орчин байгалийн цогцолборын хувьд ялгаатай боловч бие биеэсээ төдийлөн алслагдаагүй газар нутгийг хэсэгчлэн хамарсан Увс нуурын ай савын дархан цаазат газрыг УИХ-ын 1993 оны 83 дугаар тогтоолоор баталсан байдаг.

Улсын тусгай хамгаалалтад авсан Алтан элс нь Увс нуурын хотгорын зүүн хэсэгт орших Бөөрөг дэл элсний зүүн хэсгийг хамардаг байна.


Алтан элсний ОХУ-ын Тува улсад үргэлжлэх хэсгийг Цугэр элсний дархан цаазат газар гэж нэрлэдэг аж. Энэхүү 2 дархан цаазат газар нь 2011 онд олон улсын хил дамжсан хамтарсан дархан цаазат газар болжээ.

Алтан элсний урд хаяа дагуу хэсэгт нарс, шинэс, чацаргана ургахаас гадна төрөл бүрийн ургамлууд элбэгтэй. Амьтдаас суусар, туулай, тарвага, мануул, атигдаахай байхаас гадна улирлын байдлаас хамаарч усны шувууд ирж зусдаг байна. Алтан элс нь дов толгодлог гадаргатай ба түүнийг элсний зүүн хэсэгт элсэн дунд орших Эрдэнэтолгой, Залаа толгой, Хөх толгой зэрэг нам уулс ч бий.

 

関連ニュース