“Богд уул” сувиллыг засварлаж төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. НЗДТГ-аас Зайсангийн аманд байрладаг “Богд уул” сувиллыг засварлаж, төрсний дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор тогтлоо.
Нийслэлийн өмч хувьчлах комисс "Уламжлалт
анагаах ухааны Элэг судлалын клиник төв"-ийг менежментийн гэрээгээр
ажиллуулах 73 дугаар тогтоолыг өнгөрсөн сард хүчингүй болгож, тус төвийн харьяа
"Богд уул" сувиллыг өмчлөлдөө буцаан авсан юм. Нийслэлийн хэмжээнд
төрөх эмнэлгийн ачаалал их байгаагаас шалтгаалж эмэгтэйчүүд төрсний дараах
асаргаа, сувилгааг хангалттай авч чаддаггүй. Түүнчлэн эх, нярайн сэргээн засах
төв байдаггүй зэрэг шалтгааныг харгалзан үзэж тус обьектыг засварлаж, төрсний
дараах эх, нярайн сэргээн засах төв болгохоор тогтлоо. Энэ төв ашиглалтад
орсноор шинээр төрсөн эх, нярай хоёрт төрсний дараах цогц асаргаа, сувилгааг
үзүүлэх бүрэн боломж бүрдэх бөгөөд засварын ажлыг ирэх сард эхлүүлэх аж.
ХУД-ийн 22 дугаар хороо буюу Зайсанд байрладаг тус сувилал 1959 онд ашиглалтад орсон бөгөөд эзэмшлийн 3.9 га газартай юм.