Ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр байгуулах санал авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Морингийн болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлнэ.
Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгт 1.5 сая тонн ахуйн хог хаягдлыг
шатааж, 34 МВт эрчим хүч үйлдвэрлэх зориулалт бүхий үйлдвэрийг 2025-2028 онд
барих юм. Төвлөрсөн
хогийн цэгт ахуйн хог хаягдлыг шатааж, эрчим хүч гаргах дэвшилтэт технологи
бүхий үйлдвэр байгуулахыг дэмжих эсэх саналаа https://vote.ulaanbaatar.mn/home холбоосоор тавдугаар сарын 8-30-нд өгөх боломжтой.
Улаанбаатар хотод
одоогоор төвлөрсөн хогийн цэг гурав бий. Улаанчулуут, Цагаандаваа, Морингийн давааны хогийн цэгт
жилд 400 мянга гаруй тонн хог устгадаг. Нийт хог хаягдлын 11.4 хувийг дахин
боловсруулж, 88.6 хувийг булж устгаж байна. Хогийг булж устгах арга нь метан
хийг ихээр ялгаруулдаг, байгальд сөрөг нөлөө ихтэй. Тэгвэл 2025-2028 онд хогийг
булж устгахгүйгээр шатааж эрчим хүч гаргах дэвшилтэт технологийн үйлдвэр
барихыг зорьж байгаа аж.