ӨВӨРХАНГАЙ: “Ханнара” ТББ мянган нарс мод тарилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2025-05-13 16:04:45

Арвайхээр, 2025 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. БНСУ-ын “Ханнара” ТББ-аас Арвайхээр сумын Их Монгол цэцэрлэгт хүрээлэнд мянган нарс мод тарилаа. Нийтдээ 1500 нарс мод хандивласны 500-г нь Хужирт суманд тарих юм.


“Ханнара” ТББ нь Өвөрхангай аймагтай 2010 оноос эхлэн тасралтгүй хамтран ажиллаж, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчны салбарт багагүй хөрөнгө оруулалт хийсэн байна. Тухайлбал, "Алтан хонх" уралдааныг зарлаж, шалгарсан багш, сурагчдыг Солонгос улсад аялуулах, нарийн мэргэжлийн эмч нарын багийг илгээн зорилтот бүлгийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх, Ганданпунцоглин хийдтэй хүмүүнлэгийн чиглэлээр хамтран ажиллаж, амьжиргааны түвшин доогуур өрхүүдэд тусламж өгөх зэргээр олон ажлыг хэрэгжүүлжээ.


Энэ удаа мод тарих ажилд 10 мянган доллар хандивлаж, эхний ээлжид 1000 нарсыг аймгийн ЗДТГ-тай хамтран тариад байна. Өмнө нь 2019 онд  3000 улиас, 4 метрийн өндөртэй 70 нарс модыг уг цэцэрлэгт хүрээлэнд тарьж байв.



関連ニュース