Д.Алтанцэцэг: Хүүхэд ахуй үеийн дурсамжийг аймгийн морь барианы талбай хамгийн их санагдуулдаг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны хоёрдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улаанбаатарт хотод санхүүгийн үйл ажиллагаа явуулдаг “Сэрэлт дөл аудит” ХХК-ийн захирал, Архангай аймгийн уугуул, доктор Д.Алтанцэцэгтэй ажил, амьдралынх нь талаар ярилцсанаа сийрүүлье. Бүлтгэр нүдтэй, шавилхан, түргэн хөдөлгөөнтэй энэ хүнтэй цөөн хором ярилцаад гарах төдийд залуу хүний эрч хүчийг мэдрэх мэт мэдрэмж төрүүлж билээ.
-Ярилцлагаа таны одоо эрхэлж байгаа ажлаас эхлүүлье?
-Би 1977 онд Архангай аймгийн арван жилийн дунд
сургуулийг төгсөөд 1981 онд МУИС-ийг төгссөнөөс хойш 44 жил Улаанбаатар хотод
ажиллаж, амьдарч байна. Сургуулиа төгссөнөөс хойш Батлан хамгаалах яам, Сангийн
яам, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагад 36 жил ажиллаад тэтгэвэртээ
гарсан. 2015 оны 4 дүгээр сард өөрийн мэргэжлээрээ “Татварын мэргэшсэн зөвлөх” ХХК-ийг
байгуулж байв. Дараа нь аудитын үйлчилгээ үзүүлэх компаниа байгуулаад зургуулаа
ажиллаж байлаа. Түүнээс хойш 10 жил өнгөрчээ. Ирэх 4 дүгээр сард манай компанийн арван
жилийн ой болно. Энэ хугацаанд манайх 13 ажилтантай болж, өргөжсөн байна.
Анхны зургаан хүний дөрөв нь тэтгэвэртээ гарсан миний үе
тэнгийн хүмүүс байлаа. Дараагийн хүмүүс нь дандаа шинэ төгсөгчид орж ирсэн. Манайд
оюутнууд дадлага хийхээр ирдэг. 2-3 сар хийнэ. Тэдний дундаас мэргэжилдээ
хайртай, мэргэжлээрээ ажиллах хүсэл сонирхолтой хүүхдүүдийг урьж ажиллуулдаг. Тэднийгээ
ажлын байранд нь сургаж, зааж өгч, хөгжүүлнэ шүү дээ. Бидний санхүүгийн
мэргэжил, зөвлөх үйлчилгээ гэдэг бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үйлчилгээ.
Манай байгууллага төрийн болон хувийн Аудитын
байгуулагатай хамтран ажиллаж, нягтлан бодох бүртгэл болон санхүүгийн
тайлангийн олон улсын стандартыг Монгол Улсад хэрэгжүүлж, мөрдөхөд нь хувь
нэмрээ оруулж яваа байгууллага. Хамгийн гол нь үйлчлүүлэгч нартаа хэрхэн алдаа
зөрчилгүй, эрсдэлгүй ажиллах вэ гэдгийг л зааж зөвлөх юм. Бид ч үйлчлүүлэгч
нартаа зөвлөгөө өгөхийн тулд өөрсдөө мэдлэгээ тэлж хөгжүүлдэг.
-Аль ч байгууллагын үнэ цэн мэргэшсэн, чадварлаг
ажилтнуудад оршдог болов уу. Тэдэнд захидаг таны
үг?
-Миний хувьд залуустай ажиллах үнэхээр сайхан. Өөрөө
залуу болчихсон мэт санагддаг. Би энэ мэргэжилдээ дуртай, хайртай. Бид нарын
ажил тайлант хугацаагаар тасалбар болдог учраас цаг хугацаатай уралдаж ажиллана.
Миний хувьд Монгол улсад мөрдөгдөж байгаа санхүүгийн чиглэлийн бүх үйл
ажиллагааг зөв байлгаж, хүмүүст зөв үйлчилгээ үзүүлж, эрсдэлгүй байлгах үүднээс
залуусыг сургах нь чухал гэж боддог.
Би “Маргад” дээд сургуулийн доктор, Хүмүүнлэгийн ухааны
их сургууль, Энх-Орчлон дээд сургуульд зөвлөх, цагийн багшаар ажилладаг. Мөн Боловсрол
соёл, эрхзүйн дээд сургуулийн ТУЗ-ийн гишүүн. Манай залуу ажилтнууд маань
олон улсын мэргэшсэн нягтлан бодогч, олон улсын аудитор болох зорилготой. Тийм
учраас залуустаа нэн түрүүнд хүн хуурч, залилж, гомдоож болохгүй. Шударга
ажиллах хэрэгтэй. Үйлчлүүлэгчийг угтаж үйлчлэх ёстой гэдгийг л сайн захина.
Яарч сандраад ч юмуу ямар нэг байдлаар хүнд дутуу
үйлчилгээ үзүүлбэл мэргэжлийнхээ үнэ цэнийг унагаадаг. Тийм учраас хуурамч зүйл
бүү хийгээрэй гэж захидаг.
Бас “Би та нарыг
мэргэжлийнхээ өндөр түвшинд хүртэл чинь тусалж, дэмжээд явъя. Та хэд энэ
компанийг цааш нь өргөжүүлээд аваад яваарай” гэж өөрийн хүүхдүүддээ ч хэлж,
уламжлан үлдээх талаар ярьж сууна.
-Та Архангайн аль сумынх вэ?
-Би аав, ээжийгээ дагавал Жаргалант сумын уугуул. Манай аав,
ээж хоёр Жаргалант сумын Хоолт багийн хүмүүс. Манай аавыг Очирбатын Дагважанцан
гэдэг. Ээжийг Бямба гэдэг. Хоёулаа бурхны орныг зорьсон доо. Би аав, ээжээсээ
наймуулаа. Харамсалтай нь одоо дөрөв нь л үлдээд байна. Аав маань томилолтоор
их явна. Тээр нэг жил Булган аймгийн шохойн үйлдвэрийг байгуулахад аав даргаар
нь очсон гэдэг. Би тэнд төрсөн юм билээ. Аавын томилолтын хугацаа дуусахад
Архангай руу буцаж, тэндээ хүүхэд ахуй нас өнгөрч, цэцэрлэг, сургуулиа төгссөн
юм.
-Та нутаг руугаа хамгийн сүүлд хэзээ явсан бэ?
-Жаргалант сумынхаа 90 жилийн ойгоор очсон байна. Түүнээс
хойш очоогүй 10 жил болж. Харин аймгийнхаа 100 жилийн ойгоор очсон. Миний
том хүү Архангай аймагт төрсөн.
-Нас ахих тусам өөрийн төрсөн нутгаа бодож, тэндээ очих,
амьдрах хүсэл тээдэг санагддаг. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Тийм шүү. Нас өндөр болж байна. Үе залгамжлагчаа ч бэлдэж
байна. Манай ах дүү хамаатан садныхан маань бүгд л төв суурин газар бараадаад
явчихсан учраас нутаг усаа зорих бодол одоогоор алга байна. Гэхдээ дандаа л
бодогдоно. Нутаг усаа хөгжүүлэхэд нь бага ч болов нэмэр болж, туслах юмсан гэж
боддог. Би өөрөө биш юмаа гэхэд үр хүүхэд, ач зээдээ өөрийн нутаг усаа таниулж,
зааж өгч, уул усаа хүндэлж явбал ивээлээ хүртээдэг юм шүү гэдгийг байнга л
сануулж хэлдэг.
-Та хэр шүтлэгтэй вэ?
-Жаргалант сумынхаа Дулаанхан хайрхныг хүндэлж, шүтдэг.
-Таны хүүхэд ахуй дурсамжийг хамгийн санагдуулдаг зүйл вэ?
-Булган уул. Миний шүтээн уул шүү дээ. Ажлынхаа байранд
шүтэж, байрлуулсан. 1977 онд төгссөн төгсөлтийнхөн маань 40 жилийнхээ
уулзалтыг зохион байгуулахад би комисст нь орж оролцсон юм.
Тэр үед зураг авч явсан мэргэжлийн зурагчин хүн Булган уулын маань энэ зургийг
дурсгал болгож өгч билээ. Би их бэлгэшээж, шүтэж явдаг. Булган уулынхаа хоёр
суганаас урсдаг рашааныг хүүхэд ахуй цагтаа ууж, тоглож өссөн хүн шүү дээ.
Хавтгай модны цэцэрлэгт очиж амардаг байлаа.
1981 онд Төв ганданийн яг хажууд аймгийн төрөх байлаа шүү
дээ. Би энэ төрөхөд, Булган уулынхаа яг
өвөрт нь том хүүгээ төрүүлсэн хүн. Тийм учраас Булган уулаа шүтэж, идээ ундаа
өргөнө. Нутгийнхаа гандан хийдээр орж, ном уншуулна. Сэтгэл сэргээд сайхан шүү.
Мөн хүүхэд ахуй үеийн дурсамжийг аймгийн морь барианы
талбай хамгийн их санагдуулдаг. Манайх тэнд байдаг байлаа. Наадмаар морио үзэх
гэж ирсэн хол ойрын хамаатан садангууд маань манайд их ирнэ. Наадмын хэдэн өдөр
хоол цай хийж, ээждээ тусалж өнждөг байлаа шүү дээ. Тэр үед онгоц их бууна.
Бас л онгоцоор явах, ирэх хүмүүс хөдөөнөөс ирээд манайд заавал нэг хоноод
онгоцоороо явцгаадаг байлаа. Ингээд бодохоор миний аав, ээж хоёр маань их
олонтой байжээ гэж бодогддог. Нутаг усныхан маань их орж гарна.
Намайг хүүхэд байхад ажлын зургаан өдөртөй байлаа. Аав
маань хагас сайн өдөр 15 цагт ажлаа тарж ирээд л биднийг дагуулаад Тоймын таг
руу самар, жимсэнд авч явна. Ойд очоод байгаль дэлхийтэйгээ хэрхэн зөв харьцаж,
зөв арга барилаар самар, жимсээ хэрхэн түүх вэ гэдгийг зааж сургана. Нөгөө
талдаа хөдөлмөрт сургаж байгаа явдал юм шүү дээ. Самар, жимсээ түүж ирээд
цэвэрлэж аваад хэрэглэхээ хэрэглээд, зарахыгаа зарж, ном дэвтрийнхээ мөнгийг
олдог байлаа. Айлын найман хүүхдийн хичээлийн бэлтгэл гэдэг чинь чанга шүү дээ.
Бид нар ч байгаль дэлхийтэйгээ зөв харьцсаны, хөдөлмөрт сурсны үр шимийг хүртэж
яваа хүмүүс. Бүгдээрээ л сайн сайхан явж байна. Аав, ээжийнхээ үйлдлийг л бид
даган дуурайж бүх зүйлд суралцсан байдаг. Нутаг усандаа ч хайртай.
-Хүүхдүүдээ хөдөлмөрт хэрхэн сургадаг вэ?
-Хүүхдүүдээ бага байхаас нь эхлээд сайн сурах ёстой
гэдгийг сануулсан. Аав, ээж хоёр нь сайн сурах бүх боломж, бололцоог нь хангаж
өгнө. Хариуд нь сайн сурч, ажил хөдөлмөрт шамдах ёстой л гэж өсгөсөн дөө. Ер нь
л завгүй байлгасан байна. Тухайлбал, гэрийн ажлыг хийх хуваарь гаргаж өгнө.
Хичээл сургуулийнхаа хажуугаар дугуйлан секцэд нь явуулна. Тоглохоор бол гадаа
төчнөөн минут тоглоно гээд л бүгдийг нь хуваариар хийлгүүлдэг байлаа. Үүний үр
дүн ирсэн. Тэд нийгмийн амьдралд оролцоод ирэхдээ яг л хүүхэд ахуй цагийн дэг
журамтай, тодорхой зарчмуудтай, хөдөлмөрч болж бойжсон байна.
“Ажлаа ч хий, үр хүүхдээ ч хүмүүжүүл, нөхрөө ч хайрла,
эхнэрээ ч хайрла”. Бүх зүйлээ нэгэн зэрэг хийж сур. Бүү залхуур. Тэгж байж л
амжилтад хүрнэ” гэж одоо ч хэлсээр л байна. Миний хувьд амралтын өдөр гэж
байхгүй дээ. Зарим хагас сайн өдөр гурван ачаа харах гэж л заавал цаг гаргадаг.
“Хүүхдүүдээ хооронд их ойр байлга. Ах дүү нарын хүүхдүүд бие биенээ хайрлаж,
хүндэлж, хамгаалж өсвөл том болоод бусдыг ч хайрлаж мэддэг болж өснө” гэж
хүүхдүүддээ захиж, сургаж явна даа.
-Ярилцсанд баярлалаа.