Азийн өвлийн наадамд Монголын 50 гаруй тамирчин өрсөлдөнө
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. “Харбин 2025” Азийн өвлийн спортын IX наадам эхлэхэд дөрвөн сарын хугацаа үлдлээ.
Тус наадам нь 2025 оны хоёрдугаар сарын 7-14-нд БНХАУ-ын Харбин хотноо болох юм. Азийн 34 улсын баг тамирчид спортын 11 төрөлд 64 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тус наадмын маскот буюу бэлэг тэмдэг нь “Бинбин”, “Нини” гэх Сибирийн бар юм.
“Өвлийн мөрөөдөл, Азийн хайр” уриатай тус наадмыг зохион байгуулагчид мөс цасны спортын онцлогоос шалтгаалж томоохон спорт цогцолборуудыг сэргээн засварлаж ашиглалтад оруулжээ. Харбин хотын зочид буудлууд урьдчилсан байдлаар 1600 гаруй тамирчин болон албаны хүмүүсийг хүлээн авахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.
Харин Монгол Улсын шигшээ баг тамирчид долоон төрөлд 50 гаруй тамирчнаа илгээхээр мэдүүлэг өгчээ.