Монгол Улсад өнгөрсөн онд 17 408 хос гэрлэлтээ бүртгүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр олон улсын гэр бүлийн өдөр тохиож байна. Манай улсын хувьд энэ өдрийг 2006 оноос тэмдэглэж эхэлсэн.
НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар 1994 оноос эхлэн 5 дугаар capын 15-ныг “Гэр бүлийн олон улсын өдөр” болгох тогтоол баталсан. Улс үндэстэн, энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгж нь гэр бүл гэж үздэг. Мөн гэр бүлийг нийгмийн бичил хэлбэр мөн гэж тодотгосон байдаг. Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл ажээ.
Монгол Улсын
хэмжээнд 2023 оны байдлаар 983485 өрх бүртгэлтэй байна. Энэ тоон үзүүлэлт 2022
онд 941547 байсан байх юм.
Гэр бүлийн
зохион байгуулалт нь 16-19 дүгээр зуунд өрнөдийн нийгэмд нээлттэй овгийн
хэлбэртэй байжээ.Тэр цаг үе дор
ханиа сонгуулах (гэр бүл болох) дээр нийтлэг ашиг сонирхолд захирагдаж байсан
үе хэмээн тэмдэглэсэн байна. Харин 20 дугаар зуунд залуус хайр дурлал дээр
тулгуурласан харилцааг үргэлжлүүлэх хань, ижлээ өөрөө сонгон гэрлэх байдал
давамгайлжээ. Ингэж гэр бүл бие даасан өөрийн гэсэн шинж, төрхтэй болсон гэж
зарим судлаач тайлбарлажээ. Хүн нас, биед хүрч, ажил алба эрхлэх нь эрэгтэй
эмэгтэйчүүд хайр сэтгэлийн үүднээс гэрлэж өөрийн гэр бүлээ үүсгэх суурь болжээ.
Гэрлэлтэд гарч ирсэн дээрх нөхцөл нь араасаа олон зүйлийг дагуулжээ. Тэдний нэг нь гэр бүлийн төлөвлөлт гэж судлаачид тэмдэглэсэн байна. Эрүүл мэнд, хүний эрх, хүн ам зүй хэмээх үндсэн 3 шинж нь гэр бүл төлөвлөлтийг бүрдүүлдэг ажээ. Гэр бүл төлөвлөлт нь жирэмслэлт, төрөлтийг зохицуулах үндсэн санаан дээр тулгуурлана гэж үзээд загварчлал гаргасан байдаг юм байна. Тухайлбал:
- нэг гэр бүл 3-4 хүүхэдтэй байх,
- төрөлт
хоорондын зай 2-3 жил байх,
- 18 наснаас
өмнөх болон 35 наснаас хойших төрөлтийг хязгаарлах,
- анхны хүүхдийг
19-25 насны хооронд төрүүлэх,
- эмэгтэй хүний
хүүхэд төрүүлэх нас 22-40,
- эрэгтэй хүний
эцэг болох нас 22-45 гэжээ.
Монгол улсад хуулиар 18 насанд хүрсэн иргэн гэр бүлээ бүртгүүлэх учиртай. Хуулийн хүрээнд гэр бүл болсон иргэдийн гэрлэлтийн бүртгэлийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны мэдээллийн сангаас харах боломжтой. Тус мэдээллийн санд 17 мянга 408 хос 2023 онд гэрлэлтээ бүртгүүлсэн гэх мэдээлэл байна. Гэрлэлтээ бүртгүүлсэн тоо 2022 онд 17 мянга 574 байжээ.