ТӨВ: Орон нутгийн нөөцөд тулгуурлаж, зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-04-30 17:17:43

Зуунмод, 2024 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. "Шинэ хоршоо" хөдөлгөөний хүрээнд Төв аймаг Хоршоологчдын зөвлөгөөнийг өнөөдөр Зуунмод хотноо зохион байгууллаа. Зөвлөгөөнд 300 орчим иргэн оролцож, санал бодлоо илэрхийлэв.

 

Зөвлөгөөний зорилго нь хоршоодоо дэмжих, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, хоршооны 5 их наяд хөтөлбөрт хамруулах юм.


Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх 5-10 жилийн урт хугацаатай хэрэгжих 5 их наяд төгрөгийн цогц бодлого нь "Шинэ хоршоо" хөдөлгөөн юм. 

 

Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар илтгэлдээ, “Аймгийнхаа онцлог байдал, давуу талд тулгуурлан хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, дэд бүтцийг бий болгоход зориулан борлуулалтын нэгдсэн сүлжээг бий болгох, хөрөнгө оруулалтын урсгалыг татах зорилтуудыг дэвшүүлж байна.

 

Газар нутгаа байгалийн гурван бүс, эдийн засгийн найман тойрогт хувааж, тойрог тус бүрд хөгжүүлэх хөдөө аж ахуй үйлдвэрлэлийг мах, сүү, үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, түүхий эд гэсэн тэргүүлэх зургаан чиглэлээр тодорхойлон нийт 24 загвар төсөл хэрэгжүүлж байна.

 

Улмаар орон нутгийн нөөцөд тулгуурласан сүү, мах, төмс, хүнсний ногоо, ноос, ноолуур, арьс, шир, гурил, тэжээлийн болон хөдөө аж ахуйн бусад түүхий эдийг өндөр технологиор боловсруулах, нэмүү өртөг шингэсэн дотоод болон гадаад зах зээлд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортыг орлох экспортыг нэмэгдүүлэх өргөн боломж Төв аймгийнханд байгаа” гэв.

 


Хоршооллыг дэмжсэнээр дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг нэмэгдүүлэх, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээж, экспортод чиглэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ач холбогдолтой.


Төв аймаг 2021 онд 17, 2022 онд 124, 2023 онд нийт 171 хоршоо шинээр байгуулан нийт 347 анхан шатны, 8 дундын хоршоо үйл ажиллагаагаа явуулж байна.  



関連ニュース