Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2024-03-27 11:26:54

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Хүчтэй цасан болон шороон шуурганы улмаас Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замд үзэгдэх орчин хязгаарлагдмал байгааг ЗТХТ-өөс мэдээлж байна.

Тиймээс иргэд, жолооч нарыг шаардлагагүй бол хол замд гарахгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдаа тохируулан зорчихыг анхаарууллаа.

Өмнөговь, Дундговь аймгийн нутгаар салхины хүч илүү их нэмэгдэх төлөвтэй байгаа тул зам хариуцагч "Дундговь авто зам" болон "АЗММ" компани замын үзлэгийг тогтмол хийж байна.

Нийслэлд зуслангийн хойд чиглэлд Гүнтийн давааны автозамаар тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй, их цас орсны улмаас халтиргаа гулгаа үүссэн тул ТЦА-наас тус хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлаад байгааг УОК-оос мэдээллээ.

Бусад чиглэлд зам, даваа хаагдсан дуудлага, мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд орон нутгийн замуудад албаныхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр, төвийн аймгуудаар шуурч буй цасан шуурга өнөө шөнөөс зүүн аймгуудад үргэлжилж, маргаашаас монгол орны нутгаас шилжихээр байна. 


関連ニュース