Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136 @gmail.com
2025-11-07 10:23:35

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Хэнтийн, Төв, Сэлэнгийн зүүн, Дархан-Уул, Дорнодын нутгаар өнөөдөр ахиухан хэмжээний цас орно. Хэнтийн өмнөд, Сүхбаатарын хойд хэсгээр цасан шуурга шуурах тул Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэрэмжлүүлж байна.


Мөн Төв, говь болон зүүн аймгуудын нутгаар өнөөдөр ахиухан хэмжээний цас орж, энэ сарын 7-8-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтэрч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлт үүсэж, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхитай байхыг малчид, иргэд, тээвэрчдэд онцгойлон анхаарууллаа.


 2025 оны 11 дүгээр сарын 8-12-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.


Зүүн аймгуудын ихэнх нутгаар маргааш ахиухан хэмжээний цас, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Энэ сарын 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Салхи 8-нд говь, талын нутгаар, 11-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

関連ニュース