Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн Монголын бизнесийн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-12-25 09:05:15

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нар энэ сарын 22-нд Монголын бизнесийн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзав.


УИХ-ын даргын энэ оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Ж.Батжаргал, Б.Баттөмөр, Ж.Батсуурь нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан юм. Энэ үеэр Монголын бизнесийн зөвлөлөөс татвар болон бизнесийн орчныг сайжруулах талаарх санал боловсруулснаа дэлгэрэнгүй танилцуулав. Тухайлбал, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтууд бизнес эрхлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, дундаж давхаргыг бий болгоход бэрхшээл учруулж байгаа талаар жишээ баримттай тайлбарласан юм.


Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн гишүүд дотоодын үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзан, салбар бүрт тулгарч буй татварын ачаалал, холбогдох эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд нь бэрхшээл учруулахуйц хуулиас давсан дүрэм журмуудын хүрээнд нээлттэй ярилцаж, харилцан санал солилцож буй талаар дурдаад татварын орчинд дүн шинжилгээ хийх асуудалд Монголын бизнесийн зөвлөл ажил хэрэгч хандан татвар болон бизнесийн орчныг сайжруулах талаарх саналаа нэгтгэн ирүүлсэнд талархал илэрхийлэв. 

関連ニュース